Азийн улсууд хүн амын бууралттай тэмцэхийн тулд бодлогын өөрчлөлт хийх шаардлагатай байна

БНСУ-ын хүн амын тоо өнгөрсөн онд гурав дахь жилээ дарааллан буурсан төдийгүй нэг гишүүнтэй өрхийн тоо 10 саяд хүрэх дөхөж байгааг холбогдох албанаас мэдээлсэн байна. Хятад улсын хүн амын тоо сүүлийн 60 гаруй жилийн хугацаанд анх удаагаа буурсан талаар тус улсын эрх баригчид энэ сарын эхээр мэдэгдсэн.

Түүнчлэн лхагва гарагт Японы Ерөнхий сайд Кишида Фүмио парламентын чуулганы нээлтэд үг хэлэхдээ “Хүм амын хорогдлыг зогсооход чиглэсэн дорвитой арга хэмжээ авч хэрэгжүүлэх цаг болсон” хэмээн мэдэгдсэн байна. Азийн бүс нутгийн улсуудын иргэд эрүүл мэнддээ ихээр анхаарал тавьж дундаж наслалт нь нэмэгдэж байгаа ч жил ирэх тутам хүн ам нь хөгширч байгааг шинжээчид анхааруулж байна.

Өнгөрсөн онд Япон улсад түүхэндээ анх удаа 800 мянга хүрэхгүй хүүхэд шинээр мэндэлсэн байна. Мөн хугацаанд Өмнөд Солонгос улсад 230 мянган хүүхэд шинээр мэндэлсэн нь түүхэн доод үзүүлэлт болсон байна. Япон улсад хүн ам хөгширч байгаагаас шалтгаалан хүн амынх нь тоо буурч байна. Энэ нь төрөлтийн түвшин доогуур байгаагаас гадна цагаачлалын урсгал бага байгаатай холбоотой. Мөн Хятадын хүн ам 2100 он гэхэд одоогийнхоос тал орчим хувиар буурч, 770 саяд хүрч болзошгүй гэж шинжээчид үзэж байна. Азийн бүс нутгийн улсууд хүн амын өсөлттэй холбоотой хямралын үеэ даван туулахын тулд бодлогын хувьд өөрчлөлт хийх буюу залуу гэр бүлүүдэд санхүүгийн хувьд урт хугацаанд дэмжлэг үзүүлэх шаардлагатай байгааг онцолжээ.