БНХАУ-ын Сичуань мужид гэр бүл дэх хүүхдийн тоонд хязгаарлалт тогтоохгүй

Өнгөрсөн онд Хятад улсын хүн ам сүүлийн 60 жилийн хугацаанд анх удаа буурсан үзүүлэлтийг харуулсан юм. Хятад улсын эрх баригчид сүүлийн хэдэн арван жилийн хугацаанд “Нэг өрх - Нэг хүүхэд” бодлого баримталж ирсэн. Харин 2021 онд гэрлэсэн хосууд гурав хүртэл хүүхэд төрүүлэх боломжтой гэж хуулийн хүрээнд зөвшөөрсөн ч үр дүнд хүрээгүй буюу 2022 онд хүн амзүйн сөрөг үзүүлэлтийг харуулсан байна.

Тэгвэл Хятад улсын Сичуань мужийн захиргаа 2023 оны 3-р сарын 1-ний өдрөөс эхлэн тус мужид оршин суудаг гэр бүлүүдийн хүүхэд төрүүлэх, үрчилж авах тоонд хязгаарлалт тогтоохгүй гэдгээ мэдэгдсэн төдийгүй гэрлээгүй хосуудад хүүхэд төрүүлэхийг зөвшөөрөх шийдвэр гаргасан байна. Өмнө нь БНХАУ-д гэрлээгүй ганц бие эмэгтэй хүүхэд төрүүлэхийг хуулиар хориглодог байсан. Тус улсын эрх баригчид 1979 оноос хойш хэрэгжүүлсэн “Нэг өрх - Нэг хүүхэд” бодлогоо 2016 онд цуцалсан бөгөөд уг шийдвэр цуцлагдахаас өмнө нэгээс дээш хүүхэд төрүүлсэн гэр бүлүүд нийгмээс гадуурхагдаж, ажлаа алдаж, торгууль хүртэл төлдөг байжээ. Мөн өнгөрсөн хугацаанд Хятад улсад эмэгтэй хүүхдээс илүүтэйгээр эрэгтэй хүүхэд төрүүлэхийг илүүд үздэг байсан нь далд үр хөндөлтийг газар авхуулсан байна.

Хэдийгээр 2016 онд эрх баригчид нь бодлогын өөрчлөлт гаргасан ч шинэ төрөлтийг нэмэгдүүлээгүй улмаар 2022 онд сүүлийн 60 жилийн хугацаанд анх удаа нас баралтын хувь шинэ төрөлтийг давсан байна. Харин баруун өмнөд нутгийн 80 сая хүн амтай Сичуань мужийн удирдлагууд шинээр хүүхэд төрүүлэхэд аливаа хязгаарлалт байхгүй гэдгийг мэдэгдсэн бөгөөд олон хүүхэдтэй өрхүүдэд татварын хөнгөлөлт үзүүлж, эх болон нярайн эрүүл мэндийн үйлчилгээг сайжруулах амлалтыг өгсөн байна.

Мөн БНХАУ-ын дарга Ши Жиньпин шинэ төрөлтийн тоог нэмэгдүүлэхийг тус улс, үндэстний нэн тэргүүний зорилт болгосон байна. Үүнтэй холбоотойгоор залуу гэр бүлүүдийн нийгмийн асуудалд ихээр дэмжлэг үзүүлэх хуулийн төслийг боловсруулж эхэлсний нэгээхэн хэсэг нь Сичуань мужид хэрэгжиж эхэлснийг шинжээчид онцолж байна.

Үүнээс гадна Хятадын хөрш зэргэлдээ, тэр дундаа Япон улсад мөн шинэ төрөлт буурах хандлагатай байна. Энэ сарын эхээр Ерөнхий Сайд Кишида Фүмио нийгмийн хэвийн голдирлыг алдагдуулж байгаа асуудлыг шийдвэрлэхийн тулд Японы залуучууд өнөр өтгөн гэр бүлтэй болох шаардлагатай байгаа талаар мэдээлсэн юм. Мөн тэрээр залуу гэр бүл, шинэ хүүхдэд олгох мөнгөн тэтгэмжийн хэмжээг нэмэгдүүлснээ мэдээлсэн байна.