Володимир Зеленський: ОХУ-ын Зэвсэгт хүчин хуурай газрын давшилтаа эрчимжүүлж байна

Өрнөдийн улсуудын эрх баригчид Украинд хүнд төрлийн зэвсэг, техник хэрэгсэл илгээх шийдвэр гаргасантай холбогдуулан ОХУ-ын Зэвсэгт хүчин хуурай газрын давшилтаа эрчимжүүлжээ. Даваа гарагт Украины Ерөнхийлөгч Володимир Зеленський “Оросын зэвсэгт хүчин 48 цагийн хугацаанд Донецк мужийн хэд хэдэн жижиг тосгоныг хяналтдаа оруулсан талаар мэдээлсэн байна.

Мөн даваа гарагт Оросын Батлан хамгаалах яамны Хэвлэлийн төлөөлөгч генерал Игорь Конашенков “Цэргийн тусгай ажиллагаанд оролцож байгаа алба хаагчид Украины Донецк мужийн Вуледар хотыг хяналтдаа оруулж чадсан” талаар мэдээлжээ. Мөн тэрээр Украины арми зүүн фронтод тулалдахаас зайлсхийж бууж өгөх болон ухарч байгаа тухай дүрс бичлэгээр баталгаажуулан мэдээлсэн байна.

Үүнтэй холбогдуулан Украины Ерөнхийлөгч В.Зеленський “Вуледар хотод ширүүн тулаан өрнөж байгаа төдийгүй Украины арми зүүн фронтын тээвэр логистикийн өндөр ач холбогдол бүхий тулгуур бүс нутгаа удахгүй чөлөөлнө” гэдгээ цохон тэмдэглэжээ.

Гэхдээ тэрээр Оросын Зэвсэгт хүчний алба хаагчдын тоо өдөр бүр өсөн нэмэгдэж байгааг мэдэгдэлдээ онцлоод Кремлийн эрх баригчид богино хугацаанд өргөн хүрээг хамарсан мөргөлдөөн бус урт хугацааны стратегийн дайн явуулах тактикт шилжсэнийг цохон тэмдэглэсэн байна.

Кремлийн эрх баригчид энэ сарын эхээр Украин дахь зэвсэгт хүчнийхээ Ерөнхий командлагчийг огцруулсан бөгөөд дайны стратегийн томоохон шинэчлэл хийнэ гэдгээ В.Путин мэдэгдээд байгаа юм.