Ерөнхий боловсролын сургуулиуд үйлчилгээний ажилчны хүний нөөцийн дутагдалд оржээ

Боловсролын салбарт нийт 87 мянга гаруй төрийн үйлчилгээний ажилчин ажиллаж байна. Үүнээс 15 мянга орчим нь цэвэрлэгээ, үйлчилгээний ажилчин юм. Цэвэрлэгээ, үйлчилгээний ажилчдын цалин хөлс, ажлын багаж хэрэгслийн хангамж муу байдгаас шалтгаалж  Ерөнхий боловсролын сургуулиуд хүний нөөцийн дутагдалд орсон байна. 

Ерөнхий боловсролын сургуульд үйлчилгээний ажилчны орон тоо хангалттай хүрэлцдэггүйн улмаас нэг хүн 2-3 хүний хийх ажлыг хийж өндөр ачаалалтай ажиллаж байна.

Энэ оны нэгдүгээр сарын нэгнээс хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэгдүүлснээр үйлчилгээний ажилчид сард 556 мянган төгрөгт авдаг болжээ. Үүнээс татвар шимтгэл зэргийг төлөөд тухайн ажилчин сард гар дээр ердөө 450-490 мянган төгрөгийн цалин авдаг байна. Гэвч үйлчилгээний ажилчдад цэвэрлэгээний материал зэргийг хангалттай өгдөггүй учраас хувиасаа мөнгө гаргаж хэрэгцээтэй бараа материалаа авахаас өөр аргагүй болсон байна.

Үйлдвэрчний эвлэлийн холбооноос 2022 онд Боловсролын яамтай хэлэлцээр хийсэн байна. Тус хэлэлцээрт эдгээр ажилчдын цалинг 30-50 хувиар нэмэгдүүлэхээр болсон ч энэ оны төсөвт тусгагдаагүй юм байна. Тиймээс дахин салбарын яаманд Төрийн үйлчилгээний ажилчдын цалинг хувиар биш мөнгөн дүнгээр нэмэгдүүлэх шаардлага тавьжээ.

Төрийн үйлчилгээнд ажиллаж байгаа бүхий л ажилчдын цалин хөлс тааруу байдаг. Тухайлбал тогооч, слесарь, нягтлан мужаан зэрэг ажилчдын цалин мөн адил хэмжээнд байна.Төрийн байгууллагын хэвийн үйл ажиллагааг хангадаг эдгээ иргэдийн цалин хөлсийг нэмэгдүүлж нийгмийн хамгааллыг нь сайжруулах талд анхаарч, арга хэмжээ авахыг ажилчдын төлөөллүүд хэлсэн юм. Ирэх 2-р сарын 5-ны өдөр салбарын яамнаас төрийн үйлчилгээний ажилчдын цалин хөлсийг нэмэгдүүлэх эсэхэд хариу тайлбар өгөх юм байна.