Энэ он гарсаар ХХОАТ-ын Шаталсан бодлого хэрэгжиж эхлээд байна. Гэтэл иргэдийн зүгээс энэ талаарх мэдээлэл хомс байгаа тул татварын хувь хэмжээ ихээр тооцогдоно гэж үзэж бэлэн мөнгөөр гүйлгээ хийх эрмэлзэлтэй байна. Энэ нь зах зээлд бүртгэлгүй мөнгө эргэлдэж далд эдийн засгийг дэмжих асуудал бий болгох эрсдэл үүсгэж байна.
Шаталсан татварын бодлого хэрэгжиж эхэлснээр барилгын материалын худалдаа эрхлэгч нарын хувьд бэлэн мөнгөөр гүйлгээ хийх эсвэл орлогоо бусад данс руу хувааж хийх хандлага үүсгэж байгаа талаараа худалдаа эрхлэгчид хэлж байна. Учир нь эдийн засгийн нөхцөл хүнд байгаа энэ үед татвар ихээхэн дарамт үүсгэж байгаа тул ийм үйлдэл хийхээс өөр аргагүй байдал үүсэх магадлалтай гэлээ.
Татвараас зайлсхийхийн тулд бэлэн мөнгөөр гүйлгээ хийх, ажил олгогч ажилтныг татвараас нуун дарагдуулах замаар цалинжуулах зэргээр далд эдийн засаг, бүртгэлгүй мөнгөний урсгал нэмэгдэх боломжтой. Энэ төрлийн бүртгэлгүй мөнгө ихсэх бүрд авлига хээл хахууль дагаж өсдөг юм. Мөн цалин, орлогын хэмжээнээс хамаарч иргэдээс өндөр татвар авч байгаа нь тухайн салбарын хөдөлмөрийн зах зээл рүү иргэд орж ажиллахгүй байх нөхцөл эрсдэлтэй гэж тайлбарлалаа.
Энэ нөхцөлд ХХОАТ-ын Шаталсан бодлого бус НӨАТ-ийн буцаалтын хувийг ихэсгэх эсвэл ногдол ашигт Шаталсан татварын бодлого хэрэгжүүлэх гэх мэтээр олон зохицуулалтыг хийх боломжтой юм.
Нөгөө талаар баялаг бүтээж буй хэсэгтээ өндөр татвар ногдуулж, тэр нь эргээгээд халамжид зарцуулагдах нь зарчмын хувьд ч алдаатай. Иргэдийн хувьд татварын төлсөн хэмжээгээрээ эргээд төрөөс чанартай үйлчилгээ авч чаддаггүй. Энэ нөхцөлд татвар нэмбэл олон сөрөг үр дагавар дагуулах боломжтой юм.