Израил улсын Ерөнхий сайд Бенжамин Нетаньяху Франц улсад анхны гадаад айлчлалаа хийнэ

Израил улсын Ерөнхий сайд Бенжамин Нетаньяху өнөөдөр Франц улсад албан ёсны айлчлал хийхээр болсон талаар Ройтерс агентлаг мэдээлжээ. Энэ нь түүний өнгөрсөн оны 12-р сарын сүүлчээр Ерөнхий сайдын үүрэгт ажилдаа орсноос нь хойших анхны гадаад айлчлал болжээ.

Өнгөрсөн долоо хоногт Иерусалем хотын Израил улсын хяналтад байдаг бүс нутагт гурван ч удаагийн томоохон зэвсэгт халдлага гарсны улмаас Израил Палестины хямрал эргэн хурцаджээ. Өнгөрсөн сарын 26-ны өдөр 21 настай Палестин залуу шашны сүмд гал нээж 7 хүний амийг хөнөөсөн, нөхцөл байдал хүндэрсэн ийм үед Израилын Ерөнхий сайд Франц улсад айлчлах гэж байгааг шинжээчид онцолж байна.

Израил улсын Ерөнхий сайдын айлчлалын явцад хоёр улсын удирдагчид терроризмын эсрэг тэмцэлд эв санааны хувьд нэг гэдгээ уулзалтын үеэр цохон тэмдэглэх төдийгүй бүс нутгийн хурцадмал байдлыг намжаахад Франц улсын оролцоог нэмэгдүүлэх асуудлаар хэлэлцээ хийхээр болжээ.

Израилын Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгчийн мэдээлснээр талууд Украины гэм зэмгүй энгийн номхон иргэдийн эсрэг дайны гэмт хэрэг үйлдэхэд нь Оросын талд зэвсгийн тусламж үзүүлж байгаа Иран улсын байр суурийг мөн хэлэлцэхээр тохиролцсон байна.