АНУ-д цасан шуурганы улмаас 1500 гаруй нислэг цуцлагджээ

Мягмар гарагт АНУ-ын өмнөд хэсэгт их хэмжээний цас орсны улмаас 1500 гаруй хуваарьт нислэг цуцлагдсан байна. Мөн аадар бороо, нойтон цас ихээр орсны улмаас Теннеси, Техас, Калифорниа муж улсуудад үерийн гамшиг нүүрлэсэн байна.

Цаг агаарын таагүй нөхцөл байдал энэ долоо хоногт ч үргэлжлэх төлөвтэй байгаа бөгөөд 40 сая хүнд үер ус, цасан шуурганаас үүдэн учирч болох гамшгийн аюулын талаар сануулга хүргүүлжээ.

Сүүлийн 72 цагийн хугацаанд үер усны гамшгийн улмаас 6 хүн амиа алдсан бөгөөд Техас, Калифорни мужийн 1 сая орчим оршин суугчийг нүүлгэн шилжүүлсэн талаар Ройтерс агентлаг мэдээлж байна. Мөн цасан шуурганы улмаас зарим хотуудад сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоогоод байна.

Хойд туйлын хүйтэн агаарын урсгал, Мексикийн булангаас АНУ-ыг чиглэн ирж байгаа халуун агаарын урсгал хавсарснаар цаг агаарын энэхүү таагүй нөхцөл байдал үүсгээд байгааг цаг уурчид мэдээлж байна. Дээрх бүс нутагт өдөртөө их хэмжээний бороо орж байгаа бол шөнөдөө цас ихээр орж, шуурга дэгджээ.