Европын Холбооны нар, салхины эрчим хүчний үйлдвэрлэл байгалийн хийн хэрэглээгээ давсан эерэг үзүүлэлтийг харуулжээ

2022 онд Европын Холбооны сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэл анх удаа байгалийн хийн хэрэглээнээс давсан талаар "Блүүмберг" агентлаг эх сурвалжаас эш татан мэдээлсэн байна. Өнгөрсөн жил Европын Холбооны улсуудын нарны болон салхины эрчим хүчний үйлдвэрлэл нь нийт цахилгаан эрчим хүчний 22 орчим хувьд хүрч түүхэн дээд үзүүлэлтэд хүрсэн байна.

Европын Холбооны улсууд 2022 онд 203 терават/цаг нарны эрчим хүч үйлдвэрлэсэн бөгөөд энэ нь өмнөх жилийн үзүүлэлтээс 24 хувиар нэмэгдсэн үзүүлэлт болсон байна. Ийнхүү нэмэгдсэн нь байгалийн хий худалдан авахад  зарцуулах байсан 10 тэрбум орчим еврог хэмнэх боломжийг олгосон гэж судлаачид тайлбарлажээ. Тэгвэл 2022 онд Герман улс сэргээгдэх эх үүсвэрээс хамгийн их эрчим хүч үйлдвэрлэсэн орон болжээ. Тус улс 59 терават/цаг салхины эрчим хүч, 126 терават/цаг нарны эрчим хүч үйлдвэрлэсэн байна.

Салхины эрчим хүч үйлдвэрлэлийн хувьд Европын Холбооны нийт эрчим хүчний үйлдвэрлэлийн 50 гаруй хувь нь Дани, 40 орчим хувь нь Литва улсад ногдсон байна. Герман улсын хувьд салхины эрчим хүчний үйлдвэрлэлд 20 орчим хувийг эзэлжээ.

Украины дайн өрнөснөөр байгалийн хийн зах зээлийн үнэлгээ нэмэгдэж, үнэ өссөн юм. Үүнтэй холбоотойгоор олон улсад сэргээгдэх эрчим хүчний эрэлт өндөр байгааг шинжээчид онцолж байна. Мөн дайны нөлөөгөөр эрчим хүчний шилжилтийг түргэсгэжээ.