Франц, Их Британи улсуудын Үйлдвэрчний эвлэлээс өргөн хүрээг хамарсан ажил хаялт зарлав

Лхагва гарагт Франц улсад тэтгэврийн шинэчлэлийг эсэргүүцсэн иргэд жагсаал зохион байгуулсан бөгөөд 1,5 сая хүн уг эсэргүүцлийн жагсалд оролцсоныг Ройтерс агентлаг уламжилжээ. Мөн лхагва гарагт Их Британийн Боловсролын байгууллагын хагас сая багш, ажилтнууд цалин хөлс, ажлын нөхцөлөө сайжруулахыг шаардан хугацаагүйгээр ажил хаялт зарласан байна.

Франц улсын Засгийн газрын хэрэгжүүлэхээр бэлтгэж байгаа Тэтгэврийн шинэчлэлийн тухай хуулийг эсэргүүцсэн иргэд болон Төрийн байгууллагын ажилтан, албан хаагчид өнгөрсөн мягмар гаргаас эхлэн эсэргүүцлийн жагсаал зохион байгуулж, зарим салбарын ажилтнууд ажил хаялт зарлажээ. Франц улсын Үндэсний Цагдаагийн албанаас мэдээлснээр сүүлийн 48 цагийн хугацаанд тус улс даяар 1.5 сая хүн эсэргүүцлийн жагсаал болон ажил хаялтад нэгдсэн байна.

Тэтгэврийн шинэчлэл нь Францын Ерөнхийлөгч Эммануэль Макроны сонгуулийн өмнөх гол амлалтуудын нэг юм. Энэ шинэчлэлийн тухай хуулийн үндсэн ойлголт бол тэтгэврийн насыг 62-оос 64 болгож нэмэгдүүлнэ, мөн тэтгэврийн санд шимтгэл төлөх хамгийн доод хугацааг 43 жил болгож уртасгахаар болоод байгаа юм.  Харин Францын Үйлдвэрчний эвлэлийн удирдлагууд энэ шинэчлэл нь ажил хөдөлмөр эрхэлж байгаа бүх хүнд, тэр дундаа ажлын гараагаа эрт эхлүүлсэн хүмүүст хүнд цохилт болно гэж мэдэгджээ. Учир нь ажлын гараагаа эрт эхлүүлсэн хүмүүс Франц улсын хүн амын дундаж наслалтаас богино насалдагтай холбоотой байна.

Тэгвэл өнгөрсөн лхагва гарагт Их Британийн хагас сая орчим багш, төрийн албан хаагч болон төмөр замын байгууллагын ажилчид цалин хөлс, ажлын нөхцөлийг нь сайжруулахыг засгийн газраасаа шаардаж хугацаагүй ажил хаялт зарлажээ. Үйлдвэрчний Эвлэлийн удирдлагуудын мэдээлснээр инфляцийн түвшин нэмэгдсэн ч цалин хангамж өсөөгүй нь амьжиргааны өртгийн хямралд хүргэж байгаа тул ажил хаялт зарлахаас өөр сонголт үлдээгүй гэж тайлбарласан байна. Ажил хаялт зарласан ажилтнууд Англи, Уэльсийн гудамж талбайд цалингаа нэмэгдүүлэхийг шаардан жагсаал зохион байгуулсан төдийгүй иргэд дэмжиж байгаагаа илэрхийлж машины дуут дохиогоо хангинуулж байгааг Ройтерс агентлаг шууд дамжуулжээ. Их Британи даяар 23 мянган сургууль, боловсролын байгууллагын үйл ажиллагааг лхагва гаргаас эхлэн тодорхойгүй хугацаагаар зогсоосон байна. Үүнтэй холбогдуулан олон сая сурагч гэрээсээ “Ковид-19”-ийн халдварын үед хорионд байхдаа ашиглаж байсан цахим сургалтын web хуудаснаас хичээлээ үзэх юм байна.