ДЭМБ: Манай улсад хорт хавдрын өвчлөл 2040 он гэхэд 96 хувиар нэмэгдэх магадлалтай

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын судалгаагаар манай улс ходоод, элэгний хорт хавдрын өвчлөлөөр хамгийн эхний байранд орсон байна. Өнгөрөгч 2022 онд улсын хэмжээнд 6885 хүн хорт хавдраар оношлогдсон бол 4500 нь нас барсан байна.

Хорт хавдар туссан иргэдийн дийлэнх нь буюу 70 орчим хувь нь хожуу үе шатандаа оношлогдож байна. Хэдийгээр зарим өвчлөлөөс урьдчилан сэргийлэх боломжтой байдаг ч манай улсад эмчилгээний аппарат, тоног төхөөрөмж дутагдалтай байдгаас шалтгаалж эмчилгээ үйлчилгээг иргэдэд бүрэн хүргэж чаддаггүй байна.

Өнөөдрийн байдлаар Хавдар судлалын үндэсний төвд 26347 иргэн хяналтад байгаа юм. Үүнээс 5 ба түүнээс дээш жил амьдарч байгаа нь 42 хувийг эзэлдэг байна. Хэрэв хорт хавдрын өвчлөл буурахгүй энэ хэвээрээ үргэлжилбэл 2040 он гэхэд 96 хувиар нэмэгдэх магадлалтай гэж Дэлхийн Эрүүл мэндийн байгууллагаас мэдэгджээ. Тиймээс Төр засгаас энэ асуудалд анхаарал хандуулж шаардлагатай арга хэмжээг хурдан хугацаанд авахыг Эрүүл мэндийн байгууллагын төлөөлөл анхаарууллаа.