Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд нийт 8 төрлийн татварын чөлөөлөлт, 11 төрлийн хөнгөлөлт байдаг

Хувь хүний орлогын албан татварын тухай хуулиар нийт 8 төрлийн татварын чөлөөлөлт, 11 төрлийн хөнгөлөлт байдаг юм байна. Иргэн албан татварын хөнгөлөлт, чөлөөлөлтөд хамрагдахын тулд хувь хүний орлогын албан татварын тайлангаа гаргах үүрэгтэй. Уг хуульд зааснаар зөвхөн шинэ орон сууцны болон оюутны сургалтын төлбөр төлөхөд татварын хөнгөлөлт, чөлөөлөлт үзүүлдэггүй байна.

Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн тавдугаар бүлэгт хувь хүний орлогын албан татвараас хөгжлийн бэрхшээлтэй иргэний орлого, нэмэгдсэн өртгийн албан татварын урамшууллын орлого, хувь хүний цалин, нэмэгдлийн орлогыг татвараас чөлөөлнө гэж заасан байдаг.

Харин хувь хүний орлогын албан татварын хөнгөлөлтөд Монгол улсад байнга оршин суугч албан татвар төлөгч иргэн анх удаа орон сууц худалдан авсан, оюутны сургалтын төлбөр төлсний татварын буцаан олголтын материалыг жил бүр 1-р сараас эхлэн хүлээн авдаг. Орон сууц худалдан авсны татварын хөнгөлөлт 6 сая хүртэлх төгрөг буцаан авна. Энэ жилийн хувьд албан татвар төлөгч иргэн хувь хүний орлогын албан татварын тайлангаа энэ сарын 15-ны өдрийн дотор гаргаж, харьяа татварын албанд хүргүүлнэ.

Мөн иргэдийн төдийлөн мэддэггүй хувь хүний орлогын албан татварын хөнгөлөлтөд Улаанбаатар хотоос 500 км-ээс хол алслагдсан аймаг, суманд оршин суудаг албан татвар төлөгч иргэний үйл ажиллагааны орлогод ногдох албан татварыг 50 хувиар, 1000 км-ээс хол алслагдсан аймаг, суманд 90 хувиар хөнгөлдөг байна.

Албан татвар төлөгч өөрийн хэрэгцээнд зориулан нар, салхи, газрын гүний дулааны болон бусад сэргээгдэх эрчим хүчний тоног төхөөрөмж, нүүрснээс хагас коксон түлш, хийн болон шингэн түлш гарган авах тоног төхөөрөмж, стандартад нийцсэн зуух, дулаалгын материал, цахилгаан болон хийн халаагуур худалдан авсан бол баримтаар нотлогдож байгаа төлбөртэй тэнцэх тухайн жилийн орлогод ногдох албан татварын хөнгөлөлтийг эдлүүлдэг байна.