Нэрт найруулагч Д.Хишигт Монголын анхны гэх тодотголтой хэд, хэдэн уран бүтээлүүдийг туурвисан байна. Тухайлбал, “Эрх цагаан”, “Тус”, “Эвтэй дөрвөн амьтан” зэрэг Монголын хамгийн анхны хүүхэлдэйн киноны найруулагч, Анхны хүүхдийн төв театр болон телевиз байгуулагдсан эхний жилүүдэд найруулагчаар ажиллаж байжээ. Мөн тэрээр үзэгчдийн сайн мэдэх “Гарьд магнай”, “Тод магнай”, “Цэц магнай” кинонуудын зохиолыг бичиж байжээ. Тэрээр тайз, дэлгэцийн урлагт 40 жил ажиллахдаа 100 гаруй баримтат киног бүтээсэн байна. Харин өнөө цагт баримтат кино төдийлөн хийгдэхгүй байгаад сэтгэл дундуур байгаагаа найруулагч Д.Хишигт хэлж байсан юм.
Тэрээр “Телекино” үйлдвэрт 20 жил ажиллахдаа 3 сая гаруй метр хальс телевизийн нэвтрүүлэгт бэлдсэн байна. Тухайн үедээ “Дэмбээ”, “Ингэн эгшиг” зэрэг баримтат кинонуудыг бүтээж социализмийн үед олон улсын кино наадмуудаас гранпри болон шилдэг шагналуудыг авч байжээ. Харин 1996 оноос хойш Радио, Телевизийн дээд сургуульд багшилж, 300 орчим уран бүтээлч бэлтгэн гаргажээ. Тиймээс оюутан залуус, уран бүтээлчдэд дэлгэцийн урлаг тэр дундаа баримтат кино судлахад үнэтэй хувь нэмэр оруулах “Дэмидийн Хишигт” номыг СУИС-аас эрхлэн гаргажээ.
Соёл урлагийн их сургуулиас тэргүүлэх зэргийн багш нарын сургалт, судалгааг баримтжуулах зорилгоор 2016 оноос эхэлж “Профессорын өв” цуврал номыг гаргаж эхэлжээ. Өнөөдрийг хүртэл Н.Норовбанзад, Д.Амбасэлмаа, Г.Хайдав, Н.Сувд, Н.Жанцанноров гуайн уран бүтээлийн номыг гаргасан байна. Харин 6 дахь ном болон “Дэмидийн Хишигт” ном ийнхүү хэвлэгдэн гаржээ.