Даваа гарагт орон нутгийн цагаар үүрийн 04 цаг орчимд Турк Сирийн хилийн бүс дэх 1 сая гаруй хүн амтай Гизиантеп хотын ойролцоо 7.8 магнитудын хүчтэй газар хөдөлжээ. Газар хөдлөлтийн улмаас өчигдөр 17:00 цагийн байдлаар 500 гаруй хүн амиа алдаад байгаа нь тогтоогдсон бол 1000 гаруй хүнийг барилгын нуранги дороос аврах ажиллагаа үргэлжилж байгаа талаар эх сурвалжууд Ройтерс агентлагт мэдээлсэн байна.
АНУ-ын Геологийн албанаас мэдээлснээр 7.8 магнитудын хүчтэй газар хөдлөлт Турк Сирийн хилийн бүсэд орон нутгийн цагаар даваа гаргийн өглөөний 4:17 минутанд бүртгэгдсэн байна. Газар хөдлөлтийн голомт хотын төвөөс 37 км зайд, 10 км-ийн гүнд байжээ.
Даваа гаргийн байдлаар байгалийн гамшгийн улмаас туркийн 270 орчим иргэн, Сирийн 230 гаруй иргэн амиа алджээ гэж Анкарагийн талаас мэдээлж байна. Сирийн Эрүүл мэндийн байгууллагаас мэдээлснээр 240 орчим иргэн амиа алдсан нь батлагдсан бөгөөд Туркийн Гизиантеп хоттой хил залгаа Сирийн бүс нутгийн Алеппо, Латакиа, Тартус мужуудад нөхцөл байдал хүндэрсэн талаар мэдээлж байна. Олон зуун байшин барилга нурж, хүмүүс нурангид дарагдсан бөгөөд авран туслах ажиллагаа үргэлжилж байгааг Туркийн эрх баригчид мэдэгдсэн байна.
Хүчтэй газар хөдлөлтийн чичирхийлэл Туркийн Истанбул, Анкара хотуудад хүртэл мэдрэгдсэн бөгөөд 6 магнитудын хүчтэй 22 удаагийн давтамжтай чичирхийлэл бүртгэгдсэнийг холбогдох албанаас мэдээлсэн байна.
Турк улс нь газар хөдлөлтийн идэвхтэй бүсэд оршдог бөгөөд жил бүр газар хөдлөлтийн уршгаар хамгийн багадаа 10 хүн амиа алддагийг статистик баримт харуулдаг байна. Хамгийн сүүлд 1997 онд Туркийн баруун хойд нутагт хүчтэй газар хөдөлсний улмаас 17 мянган хүн амь үрэгдэж байжээ. Үүнээс хойш томоохон хэмжээний газар хөдлөлт бүртгэгдээгүй юм.