Өнөөдрийн байдлаар насжилт хэтэрсэн 260 гаруй автобус нийтийн тээврийн үйлчилгээнд явж байна

Өнөөдрийн байдлаар нийтийн тээвэрт ашиглалтын хугацаа нь хэтэрсэн нийт 260 гаруй автобус үйлчилгээнд явж байна. Хэдийгээр саяхан парк шинэчлэл хийгдэж шинээр цөөнгүй автобус үйлчилгээнд явуулах болсон ч хугацаа хэтэрсэн хуучин автобуснуудыг ашиглалтаас гаргавал нийтийн тээврийн ачаалал эргээд хүнд байдалд орохоор байна.

Өнгөрсөн долоо хоногт Яармаг чиглэлийн автобусны моторын эд анги эвдэрснээс үүдэж шатсан. Тус автобус нь 2009 онд үйлдвэрлэгдсэн буюу хамгийн өндөр насжилттай ашиглалтын хугацаа хэтэрсэн автобус юм. Хэдийгээр актлах шаардлагатай ч дараагийн шинэ автобус ирэх хүртэл хуучин автобусыг ашиглахаас өөр аргагүй нөхцөл байдалтай байна. Ийнхүү ашиглалтын хугацаа хэтэрсэн автобус үйлчилгээнд явж техникийн шаардлага хангалтгүй байгаагаас шалтгаалан олон эрсдэлийг иргэдийн өмнө дагуулж байна.

Нийтийн тээвэрт одоогоор 970 гаруй автобус явж байгаа бол үүний 50 орчим хувь нь ашиглалтын хугацаа хэтэрсэн байна. Стандартад зааснаар автобус үйлчилгээнд явж эхэлснээс хойш 12 жил явах ёстой. Хэрэв шинэ автобусны татан авалт төлөвлөсөн хугацаандаа орж ирвэл ашиглалтын хугацаа хэтэрсэн 2009, 2010 оны автобусыг  энэ оны 10-р сард багтаан актлахаар төлөвлөж байгаа байна.

Одоогоор Улаанбаатар хотод нийт 1400 автобус үйлчилгээнд явбал иргэдэд үйлчилж хүрэлцэнэ. Гэсэн хэдий ч автобусны парк шинэчлэлийн хүрээнд өнгөрсөн онд багтаан 590 автобус оруулж ирнэ гэсэн боловч төсөв, хөрөнгөөс шалтгаалж төлөвлөсөн хэмжээндээ хүрч чадаагүй. 2023 он гарсаар парк шинэчлэлийн хүрээнд нийт 136 автобус шинээр оруулж ирээд байна. Мөн энэ сард багтаан нэмж 80 гаруй автобус оруулж ирэхээр төлөвлөж байна.