"Жангар" баатарлаг тууль нь Монгол угсаатны зүй, зан заншил, аж ахуй, түүх, хэл уран зохиол, дууны аяз, улс төрийн бодлого зэрэг бүхий л салбарыг багтаан яруу найраг хэлбэрээр бичигдсэн 15-р зууны үеийн соёл, аман зохиолын өв юм. Тус өвийг хамгаалах, өвлөн уламжлагчдыг дэмжих зорилгоор Говь-Алтай аймгийн ЗДТГ-аас “Жангар” туулийг орчин цагт сэргээн хайлах “Туульсийн хаан жангар” арга хэмжээг аймгийн төвд энэ сарын 12-ны өдөр зохион байгуулахаар болжээ. Ингэхдээ анх удаа 1000 хүн нэгэн зэрэг “Жангар” туулийг хайлах гэж байгаагаараа онцлог байна. Арга хэмжээнд Говь-Алтай аймгийн ерөнхий боловсролын сургуулийн 8-11 дүгээр ангийн 850 сурагч, аймаг, сумдын 250 ардын авьяастан тууль хайлахаар бэлтгэлдээ оржээ. Мөн 20 алтай ятга, 400 товшуур, 100 морин хуураас бүрдсэн туульчийн хөгжмийн чуулбар оролцох юм байна .
1963 онд эрдэмтэн багш Т.Дүгэрсүрэн Жангар туулийн 13 бүлгийг Халимаг хэлнээс орчуулан олны хүртээл болгосныг 2000 онд түүний хүүхдүүд нь 26 бүлэг болгон хэвлүүлжээ. Харин Говь-Алтай аймагт 17 бүлгийн тууль хайлах юм. Нэг бүлэгт 28-40 минут зарцуулагдаж байгаа учир нэг өдөр, нэг шөнө тууль хайлах урьдчилсан тооцоолол гарчээ.