Монгол улсын 35 хүний бүрэлдэхүүнтэй эрэн хайх, аврах баг Турк улсад өчигдөр 13:30 цагт газарджээ

Өнгөрсөн даваа гарагт Турк, Сирийн хилийн бүс дэх хүчтэй газар хөдлөлтийн улмаас бий болсон нуранги дороос иргэдийг эрэн хайх, аврах ажиллагаа үргэлжилж байна. Гамшгийн бүсэд Дэлхийн 40 гаруй улс орны аврагчид үүрэг гүйцэтгэж байгаа юм. Харин манай улсаас 35 хүний баг бүрэлдэхүүнтэй эрэн хайх, аврах багийг Турк улс рүү илгээгээд байна.

Засгийн газраас гаргасан шийдвэрийн дагуу Онцгой байдлын харьяа үндэсний аврах бригад, Жанжин штабын алба хаагчид эрэн хайх, аврах болон эрүүл мэндийн тусламж үйлчилгээг Бүгд Найрамдах Турк улсад үзүүлэхээр болсон юм. Тус орноос Дэлхийн орнуудад эрүүл мэндийн тусламж, эрэн хайх аврах ажиллагаа, хүнс болон хувцас хэрэглэлээр хангах хүмүүнлэгийн ажлын уриалгыг гаргасан. Энэ дагуу манай улсын Засгийн газраас 1500 ноосон хөнжил, 10 тонн махан нөөш, 2 тонн лаа бусад хүмүүнлэгийн тусламжийг илгээсэн байна.

Өчигдөр буюу хоёрдугаар сарын 8-ны 04 цаг 34 минутад Онцгой байдлын Ерөнхий газрын дэд дарга, Бригадын генерал Б.Ууганбаяраар ахлуулсан эрэн хайх, аврах баг Буянт-Ухаа Олон улсын нисэх онгоцны буудлаас Турк улсыг зорьсон юм. Аврагчдын баг бүрэлдэхүүнд Зэвсэгт хүчний цэргийн эмч, эмнэлгийн ажилчид, эрэлч ноход, Онцгой байдлын албаны аврагчид багтаж байгаа юм. Батлан хамгаалах яамнаас мэдээлснээр аврагчид Газиантэп хотын нисэх буудалд орон нутгийн цагаар өглөөний 09:50 буюу манай улсын цагаар өдрийн 13:30 цагт амжилттай газардсан байна.