Сүүлийн үед дэлхий дахинаа Метаверс хэмээх 3D виртуал ертөнцөд суурилсан нийгмийн харилцааны шинэ сүлжээ дэлгэрч байна. Тэгвэл манай улсад үндэсний өв соёлыг технологийн тусламжтайгаар залуусын сонирхолд нийцүүлэн таниулах зорилгоор “Гүюг Метаверс” нүүдэлчдийн виртуал орчин бүтээжээ.
Монгол залуус нүүдэлчдийн виртуал ертөнцийн 25 км квадрат бүхий талбайг 800 жилийн өмнөх Хархорум хотын бүтэц, зохион байгуулалтаар бүтээжээ. Виртуал ертөнцөд өөрийн аватарыг бүтээн нэвтэрснээр Хааны ордноор зочлох, Үндэсний музейн зарим үзмэрүүдийг үзэх, Монголын нууц товчоонд гардаг түүхэн газруудаар ч аялах боломжтой юм байна.
Уг платформд Гүюг Метаверс, Соёлын яам, Үндэсний музей хамтран анх удаа виртуал цагаан сар зохион байгуулах гэж байна. Иргэд өөрийн аватараар хүссэн хүнтэйгээ золголт хийх, гэр музейгээр зочилж цагаан сарын үүх түүх, ёс заншлаа судлах боломжтой. Мөн шагай няслах уралдаан, дөрвөн бэрх буулгах тоглоом наадгайгаар наадахаас гадна Өндөр Гэгээн Г.Занабазарын бүтээлүүд болон Алтан ургийн 37 Хааны бүтэн биеийн хөрөг зургийн үзэсгэлэнг үзэж болох юм байна. Мөн уг виртуал ертөнтөц 21 аймгийн үзэсгэлэнт байгалийн тогтоц бүхий 1000-аад байршлыг үзэж сонирхоод зогсохгүй туулайтай ч сэлфи хийх боломжтой.
Одоогоор уг виртуал ертөнцөд нэг дор 10 мянган хүн нэвтрэх боломжтой. Виртуал ертөнцөд уламжлалт цагаан сарын баяр 2-р сарын 13-15-ны өдрүүдэд зохион байгуулагдана.