2023-2025 оныг “Монголд зочлох жил” болгон зарлаж, жуулчид хүлээн авах бэлтгэлийг эрчимжүүлнэ

Засгийн газраас 2023-2025 оныг “Монголд зочлох жил” болгон зарласантай холбогдуулан гадаадын жуулчдыг хүлээн авах бэлтгэл ажил эхэлжээ. Бэлтгэл ажлын хүрээнд агаарын тээврийн либералчлалыг эхлүүлж, Бүгд Найрамдах Турк улс болон Япон, БНСУ-тай тус тус хийх агаарын тээврийн тоог нэмэгдүүлэхээр болсон байна. Мөн Монгол улсыг зорих нислэгт хязгаарлалт тавихгүй байх зохицуулалтыг бэлтгэл ажлын хүрээнд хийхээр болжээ.

Монгол улсын Аялал жуулчлалын салбарын оргил үе нь 2019 онд тохиосон гэж хэлж болно. Тухайн үед манай улс 500 орчим мянган жуулчин хүлээн авснаар салбараас олох орлого 600 сая ам.долларт хүрч байсан. Тэгвэл Засгийн Газраас дараах өөрчлөлтүүдийг хийснээр ирэх жилүүдэд манай улсад ирэх жуулчдын тоог нэг саяд хүргэх боломжтой гэж үзэж байна. Үүнд:

  • Жуулчдын худалдан авсан бараа, бүтээгдэхүүний НӨАТ-ыг 100 хувь буцаан олгох
  • “E-Visa” буюу цахим виз олгох улс орнуудын тоог хоёр дахин нэмэгдүүлж, цахим системээр 48 цагийн дотор онлайн виз олгодог болох
  • Агаарын тээврийн либералчлалыг эхлүүлж, гурван жилийн хугацаанд Монгол орныг зорих нислэгт хязгаарлалт тавихгүй, бүх улсаас ирэх агаарын хөлгийг хүлээн авна. Ингэснээр Япон улс руу 7 хоногт 60 удаа, БНСУ-руу 7 хоногт 70 удаа, БНТУ-руу 7 хоногт 34 удаагийн нислэг үйлдэхээр төлөвлөж байна.

Харин Нийслэлийн Аялал жуулчлалын газраас үзвэр үйлчилгээний газруудыг QR кодтой болгож тухайн жуулчин кодыг уншуулснаар бүх төрлийн мэдээллийг авах, дэн буудал болон зочид буудлын үйлчилгээг сайжруулна.

Засгийн газраас эдгээр зорилтыг тавьж байгаа ч Аялал жуулчлалын салбарын төлөөллүүдийн зүгээс зорилт болоод шийдвэрүүд нь урт хугацаанд тогтвортой хэрэгжихгүй бол үр дүнгүй гэж үзэж байгаа юм. Мөн Аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэхэд хил орчмын аялал жуулчлалын бүсийг тогтоох, хил орчмын аялал жуулчлалд зориулан 72 цагийн виз олгох зэрэг шинэчлэлүүд хийгдэнэ.

Зочлох жилийн хүрээнд 2023 онд жуулчдын тоог 1 саяд хүргэж, аялал жуулчлалын салбарын орлогыг 1 тэрбум 200 сая ам.долларт буюу ДНБ-ий 11.5 хувьд хүргэхээр зорьж цаашлаад салбарын орлогыг ДНБ-ий 20 хувьд хүргэнэ.