Аргентин улсын иргэншил авахын тулд жирэмсэн Орос эмэгтэйчүүд тус улс руу ихээр зорчих болжээ

Орос-Украины дайн эхэлснээс хойш жирэмсэн Орос эмэгтэйчүүд иргэншил авах зорилготойгоор Аргентин улс руу ихээр зорчиж байгаа асуудалд санаа зовниж байна гэдгээ тус улсын эрх баригчид мэдэгджээ. Аргентин улсын Нисэхийн Ерөнхий газраас мэдээлснээр зөвхөн өнгөрсөн бямба гаргийн нислэгээр 33 жирэмсэн эмэгтэй тус улсад очсон байна.

Дайн эхэлснээс хойш амаржих хугацаа нь дөхсөн Орос эмэгтэйчүүд Аргентин улсыг олноороо зорих болжээ. Тухайлбал өнгөрсөн оны 11-р сараас хойш Оросын 5000 гаруй жирэмсэн эмэгтэй тус улсын хилээр нэвтэрсэн тухай албаны эх сурвалжууд мэдээлж байна. Үндсэн хуулийн дагуу Аргентин улсад төрсөн хүүхэд тус улсын иргэн болдог, үүнийг дагаад хүүхдийн эцэг эх Аргентин улсын иргэний харьяалал авахад хялбар болдог байна. Улмаар жирэмсэн Орос эмэгтэйчүүд олноороо эх орноо орхин гарах болсон байна.

Тэдгээр эмэгтэйчүүд дайнтай болж эх орноосоо дүрвэж байгааг холбогдох албаны зүгээс тайлбарлаж байна. Өрнөдийн улсуудын тавьсан хориг арга хэмжээний улмаас ОХУ-ын иргэд дэлхийн цөөхөн улс руу зорчиж байгаа юм. Харин Аргентинийн иргэншил авснаар 171 улс руу чөлөөтэй зорчих боломжтой байдаг нь ОХУ-ын иргэдийг ихээр татаж байгаа гэж шинжээчид үзэж байна.

Үүнтэй холбогдуулан Оросын зарим аялал жуулчлалын компаниуд “Birth tourism” хэмээх аяллын хөтөлбөрийг хэрэгжүүлж, иргэддээ санал болгож эхэлснийг Өрнөдийн хэвлэлүүд мэдээлж байна. Мөн тус аяллын хөтөлбөрийн багц нь 5-15 мянган америк.долларт хүрсэн бөгөөд эрэлт өндөр байгааг дотоодын эх сурвалжууд мэдээлжээ.

Оросын жуулчдад зориулан хуурамчаар бичиг баримт үйлдэх гэмт хэрэг ихээр үйлдэгдэх болсныг Аргентенийн хуулийн байгууллагаас мэдэгдсэн байна. Түүнчлэн Орос улсын жирэмсэн эмэгтэйчүүд Беларусьт очиж хүүхдээ төрүүлэх тохиолдол ихээр бүртгэгдэх болсныг Минскийн талаас мэдээлжээ.