Ховд аймагт амиа алдсан 15 настай охин өмнө нь үл хайхрах хэлбэрийн хүчирхийлэлд өртөж байжээ

Ховд аймгийн Жаргалант сумын насан туршийн боловсролын төвийн 8 дугаар ангийн сурагч охин өнгөрөгч нэгдүгээр сарын 28-ний өдөр бусдын гарт амиа алдсан хэрэг гарсан. Амиа алдсан охин 2021 онд Ховд аймгийн Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газарт “Эрсдэлтэй нөхцөл байдалд байгаа хүүхэд” хэмээн бүртгэгдэж байжээ.

Талийгаач охин Ховд аймгийн Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар 2021 онд хандаж боловсролын үйлчилгээ авснаар Насан туршийн боловсролын төвд суралцаж байжээ. Талийгаач охин тус төвд үл хайхрах төрлийн хүчирхийлэлд өртсөн талаар бүртгэгдэж байсан байна.

Цагдаагийн байгууллагын мөрдөн шалгах ажиллагааны урьдчилсан дүгнэлтээр талийгаач охиныг нагац эгч нь хөнөөсөн байх магадлалтайг мэдээлсэн. Талийгаач охины нагац эгчийг цагдан хорьсон бөгөөд мөрдөн байцаалтын ажиллагаа үргэлжилж байгаа юм. Харин охины ээж өөрийн ах дүү нартайгаа үгсэн тохиролцож худал ярьсан зүйл байхгүй хэмээн мэдэгджээ.

Өнгөрөгч 2022 онд Ховд аймгийн Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар болон хүүхдийн 108 утсанд 200 орчим хүүхдийн хүчирхийлэлтэй холбоотой дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн байна. Эдгээр мэдээлэлд гэр бүлийн хүчирхийлэл, бэлгийн хүчирхийлэл, үл хайхрах төрлийн хүчирхийлэл, зэрэгт өртсөн тохиолдол цөөнгүй бүртгэгдэж байжээ. Сүүлийн 5 жилийн хугацаанд хүчирхийллээс шалтгаалж хүүхэд нас барсан тохиолдол гараагүй байна.