Иргэд хадаг, хийморийн дарцгийг мод, хашлага, цахилгааны шон зэрэгт уях нь элбэг байдаг. Ингэснээр байгаль орчинд сөргөөр нөлөөлж модны мөчрийг боож, зулзаган модыг үхүүлэх эрсдэлтэй байдаг юм байна.
Хадгийг буян арвижуулдаг гэж Бурхны шашинд үздэг. Гэтэл сүүлийн жилүүдэд хадгийг ямар бэлгэдэлтэй, хэнд юунд зориулан барьдаг талаарх ойлголт иргэдийн дунд дутмаг байна. Үүнээс үүдэж хадгийг мод, цахилгааны шон, замын хайс, төмөр хашлага зэрэгт уях тохиолдол олширчээ. Мөн сүүлийн үед урд хөршөөс мяндсан материалтай хадгийг импортоор оруулж ирэх болсон. Энэ нь байгальд шингэхдээ удаан байдаг учир модны мөчрийг боож, зулзаган модыг үхүүлэх эрсдэлтэй байдаг юм байна.
Шинийн нэгний өглөө гэлтгүй Сар шинийн өдрүүдэд нар харж хийморио сэргээх гэж буй иргэд гал түлэх, эд зүйлс шатаах, арц хүж уугиулах зэрэг олон зан үйлийг хийдэг. Гэвч иргэд галаа дутуу унтраах, сүү, архи, идээ будааны хуванцар саваа хаях тохиолдол Сар шинийн өдрүүдэд ихэсдэг байна.
Мөн идээ сүүний дээжээ өргөж түүх, соёлын хөшөө дурсгалыг бохирдуулах тохиолдол их гарч байна. Тиймээс сүсэглэдэг уул овоо, мод, дархан цаазат газарт идээ будаа өргөх ёс заншлыг цэгцтэй үйлдэхээс гадна зан үйлийнхээ бэлгэдлийг сайтар ойлгох нь чухал юм.