Сар шинийн баярын энэ өдөр Нийслэлийн авто замын хөдөлгөөнийг зохицуулахаар Тээврийн цагдаагийн албаныхан бүрэн бүтэлдэхүүнээрээ ажиллаж байна. Жирийн өдрүүдэд Улаанбаатар хотод 250 орчим мянган тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцдог бол баярын өдөр нэмэгдэж 700 мянга гаруй тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцдог талаар Тээврийн цагдаагийн албанаас мэдээлж байна.
Иргэд энэ жилийн тухайд Сар шинийн баярыг өргөн дэлгэр тэмдэглэж Нийслэлийн замын хөдөлгөөн багагүй ачаалалтай байна. Өнөөдрийн тухайд хотын зах руу чиглэх хөдөлгөөний ачаалал эрс нэмэгдсэн байна.
ТЦА-аас Улаанбаатар хотын 300 гаруй уулзварт 1000 гаруй алба хаагчийн бүрэлдэхүүнтэйгээр ажиллаж байна. Тэгвэл жолооч нар ихэвчлэн явган хүний замаар явах, үргэлжилсэн цагаан зураас давж эргэх зэрэг зөрчлүүдийг голчлон гаргаж байгаа нь замын хөдөлгөөний ачааллыг нэмэгдүүлж байна. 2-р сарын 21-ны шөнө согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 40 орчим тохиолдлыг ТЦА-аас илрүүлсэн байна. Түүнчлэн баярын өдрүүдэд өндөржүүлсэн байдлаар хяналт тавьж ажиллаж байгаа юм.