Хятад улсад нүүрсний уурхайн хөрсөнд гулгалт үүссэний улмаас 6 хүн амиа алдаж, 47 хүн сураггүй болжээ

Өнгөрсөн долоо хоногт БНХАУ-ын Өвөр Монголын Өөртөө Засах Орны Алшаа аймагт нүүрсний уурхайн хөрсний гулгалт үүссэнээр 6 хүн овоолго шороонд дарагдан амиа алдсан байна. Мөн 47 хүн сураггүй байна гэж холбогдох албанаас мэдээлж байсан юм. Тэгвэл өчигдрийн байдлаар зургаан хүнийг эсэн мэнд гарган авсан байна..

Уг нүүрсний уурхайд хөрсний эхний нуралт энэ сарын 23-ны өдөр үүссэн бөгөөд дараагийн өдөр нь хөрсний гулгалт үүсэж хүрээгээ тэлсэн байна. Үүсээд буй нөхцөл байдалтай холбогдуулан БНХАУ-ын дарга Ши Жиньпин эрэн хайх, аврах ажиллагаанд бүх хүчээ дайчлан ажиллах үүрэг өгчээ. Ослын газар нийт 300 гаруй аврагч, эрэлч ноход аврах ажиллагаанд оролцож, үүрэг гүйцэтгэж байгаа талаар холбогдох албанаас мэдээлж байна.

Нэгэн цагт гүний уурхай байсан тус уурхайг 2012 онд ил уурхайн горимд шилжүүлсэн гэж Хятадын хэвлэл мэдээллийн байгууллагууд мэдээлж байна. Холбогдох албанаас ослын шалтгааныг тодорхой тайлбарлахаас татгалзсан бөгөөд уг золгүй явдалтай холбогдуулан бүс нутгийн хэд хэдэн уурхайнуудад аюулгүй байдлын хяналт шалгалтын ажлыг эхлүүлсэн байна.

Үүнээс өмнө 2021 оны 1-р сард Шандун мужийн алтны уурхайд дэлбэрэлт болсны улмаас 10 уурхайчин амиа алдаж байжээ. Мөн 2020 оны 12-р сард уурхайн аюулгүй ажиллагааны дүрэм журмыг сахин ажиллагаагүйгээс 23 уурхайчин нүүрсхүчлийн дан ислийн хийнд хордон амиа алдаж байсан юм.