Даваа гарагт Турк улсын Зүүн Өмнөд бүс нутагт 5.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт бүртгэгдсэн бөгөөд газар хөдлөлтийн улмаас нэг хүн амиа алдаж, 100 гаруй хүн гэмтэж бэртсэнийг холбогдох албанаас мэдээлжээ. Түүнчлэн 30 орчим орон сууцны барилга, байгууламж гамшгийн үеэр нурж сүйдсэн төдийгүй аврагчид нуранги доороос хүмүүсийг аврах ажиллагаа үргэлжилж байна.
Одоогоос яг гурван долоо хоногийн өмнө Турк, Сирийн бүс нутагт 7-оос дээш магнитудын хүчтэй хоёр удаагийн газар хөдлөлт бүртгэгдсэний улмаас 50 гаруй мянган хүн амиа алдсан юм. Ийнхүү сүүлийн нэг сар гаруйн хугацаанд Турк улсад 5-аас дээш магнитудын хүчтэй дөрвөн удаагийн томоохон газар хөдлөлт бүртгэгдсэн тухай албаны эх сурвалжууд мэдээлж байна.
Тэгвэл энэ сарын 6-ны өдөр болсон хүчтэй газар хөдлөлтийн улмаас 34 тэрбум америк долларын шууд хохирол учирсан гэх тооцооллыг Дэлхийн банкнаас танилцуулжээ. Энэ нь тус улсын ДНБ-ий дөрвөн хувьтай тэнцэж байгаа юм. Гэхдээ уг тооцоололд Туркийн эдийн засгийн өсөлтөд учрах шууд бус буюу хоёрдогч нөлөөллийн хор уршгийг багтаагаагүй байна. Түүнчлэн сэргээн босголтын ажилд дээр дурдсан хохирлоос даруй гурав дахин их төсөв шаардлагатай гэдгийг Дэлхийн банкны эдийн засагчид мэдэгджээ.