Монголын түүхэнд хамгийн олон жил төр барьсан Батмөнх Даян хааны мэндэлсний 560 жилийн ой энэ онд тохиож байна. Ойг тохиолдуулан Хэл шинжлэлийн ухааны доктор, профессор, зохиолч Хүүгийн “Батмөнх Даян хаан” түүхэн, танин мэдэхүйн гурамсан роман хэвлэгдэж, өнгөрсөн долоо хоногт нээлтээ хийсэн юм.
Чингисийн алтан ургын Батмөнх Даян хаан хамгийн олон жил Монголын төрийг барьсан ч түүхэнд хамгийн бага судлагдсан хаан гэж үздэг байна. Учир нь тухайн үед бичигдсэн эх сурвалжууд өнөө цагт тун ховор үлджээ. Тиймээс ч өнөөдрийг хүртэл Батмөнх Даян хааны тухай бие даасан ном, зохиол ховор байдаг байна. Харин нээлтээ хийж байгаа “Батмөнх Даян хаан” түүхэн, танин мэдэхүйн романд Даян хааны хүүхэд наснаас хаан ширээнд суух хүртэлх ахуй амьдрал, улс төрийн үйл ажиллагааг эрдэмтэн, судлаачдын зөвлөгөөн, түүхэн эх сурвалжуудад үндэслэн тод томруун дүрсэлснээрээ онцлог болсон гэж судлаачид дүгнэжээ.
Энэхүү романд суурилан Батмөнх Даян хааны тухай анхны түүхэн киног бүтээхээр уран бүтээлчид бэлтгэл ажилдаа орсон байна. Ингэхдээ олон улсын Монголч эрдэмтэн судлаачдыг зөвлөхөөр урьж, үнэн бодит түүхийг уран сайхны хэтрүүлэггүйгээр үзэгчдэд хүргэхээр зорьж байгаа юм байна.