“Чингис хаан” үндэсний музей өнөөдрөөс эхлэн музейн нээлттэй өдрүүд арга хэмжээнд нэгдэж иргэдэд үнэгүй үйлчилж эхэлжээ. Энэ өдрүүдэд музейг үзэхээр очсон иргэдийн тоо 3-4 дахин нэмэгдсэн байна.
Гэвч үзэгчид үзмэрт гар хүрэх, санамсаргүй тохиолдлоор цохих зэрэг музейд хориглосон үйлдлүүд гарч байгаа тул соёлтой үйлчлүүлхийг музейн ажилтнууд зөвлөж байна.
“Чингис хаан” үндэсний музей нь манай улсын хамгийн анхны олон улсын стандартад нийцсэн музей юм. Үзмэрийн 8 танхимд 12 мянга гаруй үзмэртэй, нэг удаад 450-500 үзэгч хүлээн авах хүчин чадалтай. Музейн нээлттэй өдрүүд арга хэмжээг тохиолдуулан музейг үзэхээр иргэд орон нутгаас зорьж иржээ.
Ачаалал нэмэгдсэнээс шалтгаалж “Чингис хаан” музейн бүх ажилтан танхимд ажиллаж байгаа юм байна. Үзэгчдийн 30 гаруй хувь бага насны хүүхдүүд байгаа учир үзмэрт гар хүрэх, санамсаргүй байдлаар цохих тохиолдлууд гарсан байна.
Мөн музейг үзэхэд 2-3 цаг зарцуулдаг учир тасалбар түгээх цэг нь музей хаах цагаас 2 цагийн өмнө хаадаг байна. “Чингис хаан”музей гэхэд 17:00 цагаас хаах хуваарьтай ч гадаа нь дугаарлан зогссон иргэд их байсан учир 13:30 минут гэхэд хамгийн сүүлийн хүнийг бүртгэн, дугаарлалтыг тасалж байсан юм.