ОПЕК буюу газрын тос экспортлогч орнуудын байгууллагыг тэргүүлж байгаа Саудын Арабын эрх баригчид 2023 онд газрын тосны олборлолтоо бууруулах шийдвэр гаргасан нь Арабын Нэгдсэн Эмират улсыг тус байгууллагаас оролцоогоо түдгэлзүүлэхэд хүргэж байна. Арабын Нэгдсэн Эмират улсын бодлого тодорхойлогчид ОПЕК-оос түдгэлзэх боломжийн талаар дотооддоо хэлэлцэж байна гэж “Блүүмберг” агентлаг мэдээлжээ.
Арабын Нэгдсэн Эмират улсын эрчим хүчний салбарын нөөц бололцоо үлэмж хэмжээгээр өсөж, олборлолтоо нэмэгдүүлэхийг зорьж байгаа бол Саудын Арабын хувьд өөр байр суурьтай байгаа юм. Энэ нь олборлолтоо хязгаарлах замаар газрын тосны үнийг өсгөхтэй холбоотой бөгөөд ингэснээр бүтээгдэхүүнээс олох ашгийн хэмжээг нэмэгдүүлэх боломжтой гэж дүгнэж байгаа юм.
Харин Арабын Нэгдсэн Эмират улсын талаас газрын тосыг илүү их хэмжээгээр олборлох боломжтой ч энэ нөөц бололцоо нь, мөн олборлолтоос орох орлого нь ОПЕК-д хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа дүрэм журмаар хязгаарлагдаж байгаа юм.
Хэрэв Арабын Нэгдсэн Эмират улс ОПЕК-оос түдгэлзвэл Арабын хойг, Персийн буланд улс төрийн тогтворгүй байдал үүсэж, холбоотон, түнш улс орнуудын дотоод зөрчлөөс улбаалан газрын тосны үнэ нэмэгдэж болзошгүй байгааг шинжээчид онцолж байна.