Дулааны эрчим хүч нь бодит өртгөөсөө 2-4 дахин бага өртгөөр хэрэглэгчдэд хүрдэг

Дулааны цахилгаан станцууд олон жилийн насжилттайн дээр нийт тоног төхөөрөмжийн 40 хувь нь элэгдэлд орсон байна. Гэтэл дулааны эрчим хүч нь бодит өртгөөсөө 2-4 дахин бага өртгөөр хэрэглэгчдэд хүрдэг тул тус салбарын алдагдлыг арилгаж, тоног төхөөрөмжийг сайжруулах, цаашлаад ашиглалтын хугацаа хэтэрсэн дулааны цахилгаан станцуудыг шинээр барьж байгуулах шаардлагатай байгаа юм. Үүний тулд ААН байгууллага болон өрх айлуудын дулаан цахилгааны үнэ тарифыг үе шаттайгаар нэмэхээр яригдаж байна.

Эрчим хүчний салбарын алдагдал нь олон хүчин зүйлээс үүддэг гэж тус салбарын төлөөллүүд тайлбарладаг. Жишээлбэл, салбарын хараат бус байдал алдагдсан, үнийн тарифыг тогтооход төрийн оролцоо ихтэй үүнээс шалтгаалж станцууд цахилгаан үйлдвэрлэсэн үнээсээ бага үнээр хэрэглэгчдэд борлуулах зэрэг асуудал тулгардаг байна.

Эрчим хүчний салбар алдагдлаа нөхөхийн тулд цаашид цахилгаан, дулааны үнэ тарифыг нэмэгдүүлэхээс өөр аргагүй нөхцөл байдалд хүрсэн талаар ярьж байна. Тиймээс тоног төхөөрөмжийн шинэтгэл, засвар үйлчилгээ зэрэг шаардлагатай байгаа учир үнэ тарифын шинэчлэлийг хийхээр төлөвлөөд байгаа юм байна.

Өмнөх оны 11-р сард ААН, байгууллагын дулаан, цахилгааны үнийг 14-28 хувиар нэмсэн. Харин 2019 оноос хойш айл, өрхийн дулаан, цахилгааны үнэ тарифт өөрчлөлт ороогүй юм. Одоогоор эрчим хүч үйлдвэрлэх өртөг 224 төгрөг байгаа бол хэрэглэгчид 175 төгрөгөөр худалдан авдаг юм.

Нүүрсний үнэ, гадаад валютын ханш, ус ашиглалтын үнэ өссөн нь эрчим хүч үйлдвэрлэх зардал өсөхөд нөлөөлсөн байна. Үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ өртгөөс нь доогуур ханшаар зарснаас үүдэж эрчим хүчний салбар 2020 онд 92 тэрбум, 2021 онд 78 тэрбум төгрөгийн алдагдал хүлээгээд байгаа юм байна.