Нийслэлийн захирагчийн ажлын албанаас нийт 6 долоо хоногийн турш бүх нийтийн цэвэрлэгээний аян зохион байгуулахаар болсон. Энэ аяны хүрээнд эхний долоо хоногт нийтийн тээврийн 900 орчим автобусанд бүрэн цэвэрлэгээ хийсэн бол ирэх долоо хоногоос Сууц Өмчлөгчдийн холбоодтой хамтран орон сууцуудын дэргэдэх тоглоомын талбайг цэвэрлэж эхлэхээр болсон байна.
Нийслэлийн хэмжээнд 17 мянга гаруй ААН үйлчилгээ болон хоол үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа эрхэлж байна. Эдгээр байгууллагууд ойр орчны 50 метрийг цэвэрлэх үүрэгтэй байдаг ч судалгаагаар эдгээр байгууллагуудын 20 хүрэхгүй хувь нь ойр орчноо цэвэрлэдэг. Ойр орчноо цэвэрлэж тохижилтод анхаарахгүй байгаа нь Нийслэлийн өнгө үзэмж болоод хөрсний бохирдолд нөлөөлсөөр байгаа талаар иргэд хэлж байна.
ААН-үүд хариуцлагатай байж ойр орчноо цэвэр байлгаснаар ил харагдах бохирдол хийгээд хөрсний бохирдлыг ч мөн бууруулах боломжтой юм. Ойр орчны 50 метрээ цэвэрлээгүй тохижилтод анхаараагүй ААН-үүдэд тухайн газрын тусгай гэрчилгээг цуцлах хүртэл арга хэмжээ авч болдог. Гэвч Нийслэл захиргааны арга хэмжээ гэхээс илүүтэйгээр ойр орчноо цэвэр байлгаж байгаа ААН-ыг урамшуулах байдлаар Нийслэлийн өнгө үзэмжид анхаарна.
Нийслэлийн хөрсний 88 хувь нь нян, мөөгөнцрөөр бохирдсон. Эдгээрийн гол шалтгаан нь нүхэн жорлон болоод ил хаяж байгаа хог хаягдал юм. Нийслэлийн хөрсний болоод орчны бохирдол дээд хэмжээндээ хүрсэн тул айл өрх, ААН бүр ойр орчноо цэвэрлэж, үүргээ ухамсарлахыг уриалж байна.