БНХАУ Ойрх Дорнодын бүс нутагт нөлөөллөө тогтоосноо дахин батлав

Өнгөрсөн долоо хоногт Иран болон Саудын Арабын эрх баригчид дипломат харилцаагаа эргэн сэргээх гэрээ хэлэлцээрийг БНХАУ-ын зуучлалаар байгуулж чадсан байна. Энэ нь Хятад улсын дипломат бодлогын цар хүрээ эдийн засгийн өсөлтөө даган нэмэгдэж байгааг шинжээчид онцолжээ.

Өнгөрсөн долоо хоногт БНХАУ-ын Коммунист намын төв хорооны улс Төрийн товчооны гишүүн, Хятадын Гадаад бодлогын асуудал хариуцсан Тамгын Газрын дарга Ван И Иран, Саудын Арабын дипломат төлөөлөгчдийг Бээжин хотноо хүлээн авч уулзлаа.

Персийн булангийн тогтвортой байдалд аюул заналхийлж, Ойрх Дорнодын бүс нутагт зэвсэгт мөргөлдөөн өдөөсөн хоёр улсын эрх баригчид долоон жил үргэлжилсэн хурцадмал байдлыг намжааж Бээжин хотноо дипломат харилцаагаа эргээн сэргээхээр тохиролцжээ. Хятад улсын зуучлалаар Иран, Саудын Арабын удирдах албан тушаалтнууд Бээжин хотноо энэ сарын 10-ны өдөр нууц гэрээ хэлэлцээр байгуулсан нь мягмар гарагт ил болжээ.

Гурван улсын эрх баригчдын хамтарсан мэдэгдэлд өгүүлснээр “Иран, Саудын Арабын эрх баригчид ирэх хоёр сарын хугацаанд дипломат харилцаагаа сэргээж, Элчин Сайдын яамаа харилцан, эргэн нээхээр тохиролцлоо.” Гэжээ. Эргэн сануулахад 2016 онд Саудын Арабын эрх баригчид Исламын шашны “Шийт” урсгалын тэргүүнийг цаазаар авсан бөгөөд үүнтэй холбогдуулан Ираны Тегеран хот дахь Саудын Арабын Элчин сайдын яамны байрт зэвсэгт этгээдүүд халдлага үйлдэж, дипломат албаны ажилтнуудыг нь хөнөөсөн юм. Дараагаар нь хоёр улс харилцаагаа бүрэн тасалж, Ойрх Дорнодын бүс нутагт аюул заналхийлэл газар авч, эзэн нь тодорхойгүй зэвсэгт халдлагууд Иран, Саудын Арабын бүс нутгуудад үйлдэгдсээр байсан юм. Харин энэ сарын 10-ны өдөр Ираны аюулгүй байдлын дээд албан тушаалтан Али Шамхани болон Саудын Арабын Үндэсний Аюулгүй байдлын зөвлөх Мусаед Бин Мохаммед нар эвлэрлийн гэрээнд гарын үсэг зуржээ. Уг гэрээнд нэмэлтээр тусгаснаар 2001 онд хоёр улсын эрх баригчдын байгуулсан аюулгүй байдлын хамтын ажиллагааны хэлэлцээр, түүнчлэн худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалтын тухай өөр нэг гэрээг дахин сэргээхээр тохиролцсон байна. Хятадын Тэргүүлэх Дипломат Ван И энэ хэлэлцээрийг энх тайвны ялалт гэж тодорхойлж, Бээжин дэлхийн хурцадмал байдлыг намжааж, асуудлыг шийдвэрлэхэд голлох үүргийг гүйцэтгэсээр байх болно гэдгээ цохон тэмдэглэжээ.