“Оюу Толгой” ХХК үйл ажиллагаагаа эхэлснээс хойш татвар, цалинд 34 их наяд төгрөг зарцуулжээ

Оюу Толгойн хүдрийн бүлэг ордын 80 гаруй хувь нь газрын гүнд байдаг бөгөөд өчигдрөөс эхлэн 1.3 км-ийн гүнээс хүдэр олборлож эхэллээ. Ийнхүү гүний уурхайн олборлолт эхэлснээр манай улс олон улсын зэсийн салбарт томоохон тоглогч болж дэлхийд 4-т эрэмбэлэгдэх хүдрийн уурхайтай болж байна.

  • Оюу Толгой компани нь 2011 оноос хойш шууд болон шууд бус хөрөнгө оруулалт, цалин хөлс, татвар хураамжид нийтдээ 15 тэрбум америк доллар буюу 34 их наяд төгрөгийг зарцуулсан байна.
  • 34 их наяд төгрөгийн зарцуулалтыг харвал 75 хувийг ханган нийлүүлэгч үндэсний компаниудад, 19 хувийг улсын төсөвт, үлдсэн 6 хувийг нь цалин хөлсөнд зарцуулжээ.
  • Тус компани нь жилд дунджаар 300 сая ам.долларын татвар, хураамжийг төлж байсан бөгөөд гүний уурхайн олборлолт жигдэрснээр энэ тоо 2-3 дахин нэмэгдэх боломжтой гэж эдийн засагчид үзэж байна.
  • Гүний уурхайн олборлолт ийнхүү албан ёсоор эхэлснээр Оюу Толгойн хүдрийн уурхайгаас 100 жилийн хугацаанд Монгол улсад үр өгөөжөө өгнө гэж мэдээлж байгаа юм.

Өнгөрсөн 10 жилийн хугацаанд Оюу Толгой компани ил аргаар хүдэр олборлож байсан. Хүдрийн ил уурхай нь нийт бүлэг ордын 20 орчим хувийг бүрдүүлдэг юм. Тэгвэл нийт баялгийн 80 орчим хувь нь газрын гүнд 1.3 км-т байгаа бөгөөд хүдрийн ордыг блокчлон олборлох бэлтгэл ажлыг 7 жилийн хугацаанд хийж хэрэгжүүлжээ.

Монгол улсын Уул Уурхайн салбар дахь гадаадын шууд хөрөнгө оруулалтын 73 хувийг Оюу Толгой компани дангаараа эзэлж байгаа юм. Энэ утгаараа Монгол улс гадаадын хөрөнгө оруулагчдад таатай ханддаг улс гэдгээ зарлаж байгаа нэг хэлбэр гэдгийг Ерөнхий Сайд онцолсон бөгөөд цаашид өөр бусад салбарт гадаадын хөрөнгө оруулалт татах боломж гэж харж байгаа юм.

Гүний уурхайн олборлолт тогтвортой явагдаж эхэлснээр Оюу Толгой компанийн борлуулалт нэмэгдэж үүнийг даган зөвхөн ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрт жилдээ 700 тэрбум төгрөгийг төвлөрүүлэх боломжтой.

Оюу Толгой компанийн жилд төлөх татвар хураамжийн хэмжээ гүний уурхайн олборлолтоос хамаарч 2-3 дахин нэмэгдэж энэ хэрээр Монгол улс үр ашиг хүртэх боломжтой.

Гүний уурхайн олборлолт нэгэнт эхэлсэн учраас одоо төслийг зогсоох боломж байхгүй. Албаныхны хэлж байгаагаар гүний уурхайн олборлолт эхэллээ гээд шууд үр өгөөжөө өгөхгүй. Харин олборлолт аажмаар нэмэгдэж 2028-2036 онд олборлолтын оргил үе тохионо гэж мэдэгдэж байгаа юм.