Тээврийн тендер цаашлаад нүүрстэй холбоотой асуудлыг хуулиар хариуцсан байгууллагууд нь зохицуулахгүй байна

Нүүрсний тээвэртэй холбоотой олон маргаантай асуудал яригддаг. Үүний нэг нь тээврийн тендер цаашлаад нүүрстэй холбоотой асуудлуудыг хуулиар хариуцсан байгууллагууд нь зохицуулалт хийхгүй байгаагаас үүдэж олон асуудал гарч байгаа талаар салбарын төлөөлөл мэдэгдсэн юм. Мөн авто тээвэрлэлтээс гадна чингэлэг тээврийн асуудалд анхаарлаа хандуулж хятадын талтай харилцан тохиролцох хэрэгтэй байгаа талаар тайлбарлаж байна.

Нүүрс тээврийн тендерийн цаана хууль бус үйл ажиллагаа явуулах нөхцөл бүрдсэн талаар тус салбарын төлөөлөл мэдэгдсэн юм. Худалдан авах ажиллагааны газар нь тендерийг зарлаж байгаа нь буруу тиймээс өдөрт хэдэн машин ямар хугацаанд гаргах цаашлаад нэг жилд олборлох нүүрсний хэмжээ үүнээс ямар хэмжээг өдөрт тээвэрлэж байгааг хуулиар хариуцсан байгууллагууд нь зохицуулах хэрэгтэй гэсэн юм.

Мөн авто тээвэрлэлтээс гадна хятадын талаас байгальд ээлтэй байдлаар нүүрсний тээврийг хийх шийдвэрийг гаргасан. Энэ шийдвэрийн дагуу манай улсын хувийн хэвшлийн тээврийн компаниуд задгай чингэлгийн тээврүүд гадаадын улс орноос импортоор оруулж ирсэн боловч энэ нь эргээд тээвэрлэлтэд хувь тэнцүүлсэн байдлаар оролцож чадахгүй нөхцөл байдалд хүрээд байна гэсэн юм.

Импортын хамааралтай монгол улсын хувьд цар тахлын жилүүдэд тээврийн зардал өссөнөөс үүдэж бараа, бүтээгдэхүүний үнэ дагаж өссөн. 2022 оны 1-р сард тээвэрлэлтийн зардал 6400 америк доллар байсан бол энэ тоо буурч өнөөдрийн байдлаар 3800 америк доллар болж нийтдээ 40 хүртэл хувиар багасаж цар тахлаас өмнөх түвшиндээ хүрч байна. Тээвэрлэлтийн зардал ийнхүү багассан нь эргээд бараа, бүтээгдэхүүний үнийн өсөлтийг буурах хүлээлтэд хүргээд байна.

Нэг үеэ бодвол хил гаалийн асуудал цэгцэрч бараа бүтээгдэхүүний үнэ харьцангуй тогтворжих хүлээлттэй байгаа хэдий ч экспортын гол бүтээгдэхүүн болох нүүрс үүнийг дагасан тээвэрлэлтийн асуудал тэр дундаа тендерийн асуудлыг нэгдсэн зохион байгуулалттайгаар шийдэх хэрэгтэй байгаа юм.