Францын тохижилт, үйлчилгээний ажилчид ажил хаялт зарласны дараа Парис хот хогондоо дарагджээ

Өнгөрсөн долоо хоногт Франц улсын Ерөнхийлөгч Эммануэль Макрон тэтгэврийн шинэчлэлийг эсэргүүцэн ажил хаялт зарлаад буй үйлдвэрчний эвлэлийн удирдлагуудтай уулзахаас татгалзсан байна. Үүнээс үүдэн татвар төлөгчид ажил хаялтаа үргэлжлүүлэн зарлана гэдгээ мэдэгдэхтэй зэрэгцэн нийслэл Парис хот хогондоо дарагдсаныг хэвлэлүүд онцолж байна.

Өнгөрсөн даваа гаргаас эхлэн Парис хотын тохижилт үйлчилгээний ажилчид болон хувийн цэвэрлэгээ, үйлчилгээний компанийн ажилчид тэтгэврийн насыг нэмэгдүүлэхийг нийтээрээ эсэргүүцэн ажил хаялт зарлажээ. Парис хотын гудамж, талбайн савнууд хогоор дүүрч, хальж асгаран эвгүй үнэр гаргаж байгаа нь явган зорчигчдод болон оршин суугчдад хүндрэл учруулж эхэлсэн байна.

Францын нийслэл хотын захирагчийн албанаас мэдээлснээр үйлчилгээний ажилчид ажил хаялт зарласнаас хойш нийт 5400 орчим тонн хог хаягдал гудамж, талбайд цугларсан байна. Тэгвэл эрх баригчид болон үйлдвэрчний эвлэлийн удирдлагууд хараахан тохиролцоонд хүрч чадаагүй байгаа талаар хэвлэлүүд мэдээлжээ.

Ийнхүү Парис хотод хог хаягдал ихээр цугларсан нь хортон шавж, харх үүрлэх таатай нөхцөл бүрдсэн байна. Мөн эрх баригчид болон үйлдвэрчний эвлэлийн төлөөллүүд ойрын хугацаанд зөвшилцөлд хүрэхгүй бол явган зорчигч гудамж талбайгаар зорчих боломжгүй болно гэж Парис хотын оршин суугчдын төлөөлөл хэвлэлд ярьжээ.

Франц улсад тэтгэврийн шинэчлэлийг эсэргүүцсэн жагсаал 2023 он гарснаас хойш 4 дахь удаагаа зохион байгуулагдаж, ийнхүү өргөн хүрээг хамраад байна.