Өнгөрсөн долоо хоногт Малави, Мозамбик улсуудыг “Фредди” хар салхи дайран өнгөрсний улмаас амиа алдсан хүний тоо 190-ийг давсан байна. Хар салхи дайран өнгөрсний дараа их хэмжээний бороо орж үер бууж, хөрсний гулгалт үүссэн нь нөхцөл байдлыг улам дордуулсныг холбогдох албанаас мэдээлсэн байна.
Гамшигт нэрвэгдсэн иргэд амьд үлдэхийн тулд нүцгэн гараараа шавар ухаж байна. Хар салхинаас үүдсэн хамгийн их хохирлыг Малавичууд амссан бөгөөд гамшгийн улмаас тус улсад 160 гаруй хүн амиа алджээ. Харин нэг шөнийн дотор дайраад өнгөрсөн хар салхины улмаас Мозамбик улсад 10 хүн амиа алдаж, 15 хүн хүнд гэмтэж бэртжээ.
НҮБ-ын Дэлхийн цаг уурын байгууллагын мэдээлснээр өнгөрсөн 2-р сарын эхээр Австралийн баруун хойд хэсэгт үүссэн “Фредди” хар салхи нь манай гаргийн түүхэн дэх хамгийн удаан үргэлжилсэн циклон болох төлөвтэй байна. Энэтхэгийн далайг бүхэлд нь гаталж, 2-р сарын 21-ээс Мадагаскарыг тэсэлж, 3-р сард Малави, Мозамбикт хүрчээ.
Холерийн халдвартай тэмцэж байгаа Малави улсыг ийнхүү хар салхи дайрсан нь улам их гай гамшиг дагуулж буйг хэвлэлүүд онцолжээ. НҮБ-аас Малави улсын ард түмэнд хандивын гараа сунгахыг дэлхийн нийтээс хүссэн бөгөөд олон улсын хүмүүнлэгийн байгууллагууд одоо ч тус бүс нутагт идэвхтэй ажиллаж байна.