Хятад улсад үйлдвэрлэсэн, зэвсэглэсэн дронуудыг Украины дайнд ашиглаж байгаа талаар мэдээлжээ

Лхагва гарагт Украины Зэвсэгт хүчин Хятад улсад үйлдвэрлэсэн, зэвсэглэсэн дронуудыг их буугаар буудан унагааснаа мэдэгдсэн байна. “Мугин-5” хэмээн нэрлэсэн энэхүү дронуудыг Хятад улсын Зүүн эргийн Шиамэнь хотод үйлдвэрлэдэг талаар мэргэжилтнүүд тайлбарлажээ.

Тэгвэл ОХУ-ын хөлсний, гэрээт цэргийн “Вагнер” групп эдгээр нисгэгчгүй онгоцнуудыг “Алибаба, Таобао” зэрэг цахим худалдааны платформуудаас 15 мянган америк.доллароор худалдан авч, шинэчилж, зэвсэглэн дайнд ашиглаж эхэлжээ. Украины Ерөнхийлөгч Володимир Зеленський дээрх мэдээллийг баталгаажуулснаа мэдэгдсэн бөгөөд эзлэн түрэмгийлэгчдэд зэвсэг худалдахыг яаралтай хориглохыг Хятад улсын эрх баригчдад уриалжээ. 

Тус дронуудыг энэ сарын 12-ны өдөр Украинтай хил залгаа ОХУ-ын газар нутгаас хөөргөсөн гэдгийг Украины албаны эх сурвалжууд мэдэгдсэн бөгөөд таван ширхэг дроныг амжилттай устгаж чадсан байна. Харин дронуудыг ямар зориулалттай, ямар хор хөнөөл учруулах боломжтой гэдэгт дүгнэлт шинжилгээ хийсний дараа Хятад улсад үйлдвэрлэснийг тогтоожээ.

Украинд үүрэг гүйцэтгэж байгаа өрнөдийн шинжээчдийн мэдээлснээр Хятадын дронуудад камер суурилуулаагүй байсан нь тандалт судалгааны зориулалттай бус гэдгийг нотолж байна гэжээ.

Гэхдээ дайн эхэлснээс хойш талууд хоёулаа ийм төрлийн зэвсгийг дайнд ашиглаж байгаа юм. Батлан хамгаалах салбартаа үлэмж хэмжээний төсөв, мөнгө зарцуулдаг ОХУ-ын хувьд ийм төрлийн зэвсгээр хөөцөлдөж байгаа нь үнэхээр зэвсгийн нөөц нь шавхагдсаныг илэрхийлж байна гэж шинжээчид үзэж байна.