АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээр зэхэж буй эрхмүүд Украины дайны асуудлаар байр сууриа илэрхийлжээ

Ирэх 2024 онд АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээр зэхэж байгаа Бүгд Найрамдах намын удирдах албан тушаалтнууд Украины дайны асуудлаар байр сууриа илэрхийлсэн байна. Тодруулбал, АНУ-ын Ерөнхийлөгч асан Доналд Трамп “АНУ-ын одоогийн Засгийн газар эрх баригчид Украины дайнд анхаарал хандуулахаас илүүтэйгээр дотоод асуудлуудаа шийдвэрлэх шаардлагатай” гэж анхааруулжээ.

Ирэх 2024 онд АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээр зэхэж байгаа Бүгд Найрамдах намын удирдах албан тушаалтнууд, тэр дундаа Цагаан ордны тэргүүн асан Доналд Трамп, Флорида мужийн амбан захирагч Рон Десантис нарын Украины дайны асуудлаар байр сууриа илэрхийлсэн нь олны шүүмжлэлд өртжээ. Ройтерс агентлагийн тодруулснаар Цагаан ордны тэргүүн асан Доналд Трамп “одоо Засгийн эрхийг барьж буй Ардчилсан намын эрх баригчид Украины дайнд анхаарлаа хандуулахаас илүүтэйгээр шийдвэрлэх ёстой дотоод асуудалдаа төвлөрөх ёстойг” анхааруулжээ. Амьжиргааны өртөг нэмэгдэж, бизнесүүд үүдээ барьж, түрээсийн үйлчилгээ, үл хөдлөхийн үнэ тэнгэрт хадаж байгаа энэ чухал үед Украины дайнд 100 тэрбум америк.долларын санхүүжилт олгож байгаа эрх баригчдыг Доналд Трамп шүүмжилсэн юм. Түүнчлэн Бүгд Найрамдах намын гишүүн, Флорида мужийн амбан захирагч Рон Десантис ОХУ-ын эзлэн түрэмгийллийг цэргийн тусгай ажиллагаа гэж тодорхойлж, дайныг нутаг дэвсгэрийн маргааны төлөөх мөргөлдөөн хэмээн нэрлэсэн  байна. Үүнээс гадна төсвийн хөрөнгийг Украин руу гарын салаагаар урсгаж байгааг шүүмжилж, үндэсний ашиг сонирхлоо хамгаалахыг эрх баригчдад сануулжээ. Харин Доналд Трампын засаглалын он жилүүдэд АНУ-ын дэд ерөнхийлөгчийн үүрэгт албыг хашиж байсан Бүгд Найрамдах намын гишүүн Майк Пенс “үндэсний ашиг сонирхлоо хамгаалах талаар мэдэгдэл хийж буй Доналд Трамп Капитолын үймээнийг, түрэмгийлэл рүү турхирсан гол буруутан хэмээн мэдэгджээ. Мөн Украины дайн нь ирээдүй, өнгөрсөн хоёрын тулаан бөгөөд АНУ ирээдүйгээ сонгосон” гэх энгийн, мөртлөө ухаалаг тайлбарыг хийсэн байна. Дээрх Бүгд Найрамдах намын гурван гишүүн нь ирэх 2024 оны ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээр зэхэж байгаа төдийгүй өмнө нь нам доторх сунгаанд өрсөлдөж, нэг нь албан ёсоор төрийн тэргүүнд горилох юм.