Засгийн газраас 2018 онд цэвэршүүлсэн усыг эргэлтэд оруулж дахин ашиглах тогтоол гаргасан

Засгийн газраас 2018 онд цэвэршүүлсэн усыг эргэлтэд оруулж дахин ашиглах тогтоол гаргасан. Харин энэ шийдвэр өнөөдрийг хүртэл бүрэн хэрэгжиж эхлээгүй . Байгаль орчин аялал жуулчлалын сайд уг тогтоолыг хэрэгжүүлж эхлэхээр болсныг мэдэгдсэн. Тэгвэл автомашин угаалгын газрууд саарал ус ашиглах дэд бүтцийг шийдэхэд ихээхэн хэмжээний төсөв мөнгө шаардлагатай болох учир ойрын хугацаанд хэрэгжүүлэх боломжгүй талаар хэлж байна. Тэгвэл энэ асуудалд салбарын яамнаас тодорхой хэмжээний төсвийг зээл хэлбэрээр олгох,  гаргах шийдэл хайж байгааг мэдэгдлээ.

Автомашин угаалгын газруудад саарал усыг хэрэглэх шийдвэр гарсан ч хэрэгжихгүй явсаар 8 жилийн хугацаа өнгөрчээ. Манай улс цэвэр усны хомстолд орох аюул нүүрлэсэн тул энэхүү тогтоолыг хэрэгжүүлэх зайлшгүй шаардлагатай болсон гэдгийг салбарын сайд хэлж байна.

Нийслэлд 30 гаруй автомашин угаалгын газар цэвэршүүлсэн ус, болон уураар цэвэрлэгээ үйлчилгээг хийдэг юм байна. 2018 оноос эхлэн цэвэршүүлсэн ус ашиглаж байгаа угаалгын газраас зарим мэдээллийг тодруулсан юм.  Угаалгын газар нь 30 тонны нөөцийн саванд үйлчилгээний байгууллагын бохирдол усыг нөөцөлж цэвэршүүлэгч төхөөрөмж ашиглан саарал ус гаргадаг байна. Усыг цэвэршүүлэхэд шаардлагатай тоног төхөөрөмж нөөцийн сав зэргийг бэлтгэхэд дунджаар 60 орчим сая төгрөгийг зарцуулсан байна.

Автомашин угаалгын газар ажиллуулж байгаа иргэдийн дийлэнх нь түрээсээр үйл ажиллагаагаа явуулдаг.  Эдгээр иргэдэд ус цэвэршүүлэх дэд бүтцийг шийдэх санхүүгийн боломж байхгүй олсон орлогоо түрээс ажилчдын цалин зэрэгт зарцуулдаг байна. Тэгвэл салбарын сайд энэхүү тогтоолыг хэрэгжүүлэхийн тулд иргэдэд  шаардлагатай төсөв мөнгөний асуудлыг шийдвэрлэх зээл олгох зэрэг боломжийг бүрдүүлнэ гэдгийг хэлсэн байна.

Мөн цэвэршүүлсэн ус ашиглаж байгаа угаалгын газрууд цэвэр ус ашигласан угаалгын газруудтай ижил төлбөр төлдөг. Тухайлбал цэвэр усыг тонн тутамд  2760 төгрөгийн төлбөр төлдөг бол нэг тонн бохир усанд 3070 төгрөгийг төлдөг байна.