Монгол эрчүүдийн 52 хувь нь 60 нас хүрэлгүй нас бардаг гэсэн тоон судалгаа байна. Сүүлийн 20 гаруй жилийн хугацаанд эрэгтэйчүүдийн дундаж наслалт эмэгтэйчүүдийнхээс даруй 10 орчим жилээр богино болжээ. Ийнхүү эрэгтэй, эмэгтэй хүний дундаж наслалт хол зөрүүтэй байгаа нь эрчүүд сэтгэл хөдлөлөө илэрхийлдэггүй, эмнэлгийн байгууллагад өвчнөө хүндэрсний дараа ханддаг, мөн нөгөө талаас манай улсад эрэгтэйчүүдийн эмнэлгийн байгууллага хүртээмжгүй байгаа зэрэг хүчин зүйлс нөлөөлж байна.
- Эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн дундаж наслалтын зөрүү 1992 онд 4.2 жил байсан бол 2018 онд 9.7 жил болсон байна. Өөрөөр хэлбэл, эрэгтэйчүүдийн дундаж наслалт 66 байна.
- Эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн насны зөрүү бараг 10 гаруй жил байгаа бөгөөд энэ үзүүлэлтээр дэлхийд 12-т жагсаж байгаа юм. Тэгвэл дундаж наслалтын зөрүү их байгаа 15 орны 8 нь хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан социалист улс орнууд байна.
- Амбулаторийн үзлэгт бүртгэгдсэн хүмүүсийн тооноос харахад эрэгтэйчүүдийн тоо эмэгтэйчүүдээс 1.5 дахин бага байна. Түүнчлэн нийт эмнэлгийн байгууллагаар үйлчлүүлж буй хүмүүсийг хүйсээр нь ангилан харвал 32 хувь нь эрэгтэй, харин 68 хувь нь эмэгтэйчүүд байна.
- Мөн эрэгтэйчүүдийн дундаж наслалт бага байгаагаас гадна амиа хорлолтын түвшин өндөр байна. 2021 онд улсын хэмжээнд нийт амиа хорлож нас барсан 483 тохиолдол бүртгэгдсэнээс 411 нь эрэгтэй, 72 нь эмэгтэй хүн байжээ.
Монголд эрэгтэй хүүхдийг бага наснаас нь эхлэн эр хүн уйлж болохгүй, эр хүн хатуужилтай байх хэрэгтэй гэх мэтээр сургах нь нийтлэг. Үүний улмаас насанд хүрээд эрэгтэйчүүд сэтгэл хөдлөлөө илэрхийлж чадахгүй мөн стресс болон архи, тамхины хэрэглээ зэрэг хорт зуршил болоод амьдралын буруу хэвшилтэй болдог байна. Энэ нь монгол эрэгтэйчүүдийн дундаж наслалт бага байх нэг шалтгаан болж байна.
Эрэгтэйчүүд сүүлийн жилүүдэд сэтгэл зүйчид хандах нь харьцангуй нэмэгдэж байгаа талаар мэргэжлийнхэн хэлж байна. Тэдэнд түгээмэл ажиглагддаг сэтгэлзүйн асуудал нь өөртөө тулгарч байгаа асуудлыг бусадтай хуваалцдаггүй мөн гэр бүлийн санхүүгийн хариуцлагыг өөртөө хүлээх ёстой гэсэн хэвшмэл ойлголтоос үүдэлтэй байдаг байна. Үүнээс үүдэж тухайн эрэгтэй хүн эрүүл мэндээрээ хохирч эрт нас барах цаашлаад сэтгэлзүйн асуудлаас үүдэж амиа хорлох хэмжээнд хүрч байна.
Мөн эрэгтэйчүүдэд зориулсан эмнэлгийн үйлчилгээний хүртээмж хангалтгүй байна. Зөвхөн Улсын нэгдсэн төв эмнэлэгт Урологи-Андрологийн төв байдаг. Бусад улсын эмнэлгүүдэд эрэгтэйчүүдийн тасаг сүүлийн жилүүдэд харьцангуй нэмэгдэж багаа хэдий ч одоогоор улсын хэмжээнд нийт 4 эрэгтэйчүүдийн кабинет ажиллаж байна. Харин улсын хэмжээнд эрэгтэйчүүдийн хувийн эмнэлэг нийтдээ 5 байдаг. Үүнээс гадна шаардлагатай үзлэгийн тоног төхөөрөмж болон мэргэжлийн эмч мэргэжилтнүүд дутмаг байна.
Өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор эрэгтэйчүүд эмнэлэгт үзүүлэх цаашлаад сэтгэлзүйн талаар зөвлөгөө авах шаардлагатай гэдгийг мэргэжлийнхэн тайлбарлаж байна. Мөн энэ талаарх тусламж, үйлчилгээ, зөвлөгөөг олон нийтэд сурталчлан таниулах, зөвөөр ойлгуулах хэрэгцээ шаардлага үүсэж байна.