Боловсролын зээлийн сангаас санхүүжилт авсан иргэдийн мэдээллийг ил болголоо

Их дээд сургуулийн болзлыг хангасан, сурах хүсэл эрмэлзлэлтэй ч сургалтын төлбөрийн дэмжлэг шаардлагатай иргэдэд төрөөс Боловсролын зээлийн сангаар дамжуулан дэмжлэг үзүүлдэг. Гэвч Боловсролын зээлийн сангийн мэдээлэлд ойр зарим эрхмүүд эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж үр хүүхэд, ах дүүсээ гадаадын их дээд сургуульд суралцуулдаг гэх хардлага байсаар ирсэн. Тэгвэл энэ хардлагын хариулт болгож Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн дагуу Боловсролын зээлийн сангаас санхүүжүүлсэн суралцагчдын мэдээллийг ил болголоо.

Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хууль өнгөрсөн оны тавдугаар сараас хэрэгжиж эхэлсэн. Хуулийн хэрэгжилтийн хүрээнд 67 төрлийн мэдээллийг нийтэд ил болгохоор болсон юм.

1997 оноос хойш Боловсролын зээлийн сангаас 2400 орчим суралцагчдийг бакалавр, магитсрийн боловсрол эзэмшүүлэхээр гадаад улс руу сургуульд явуулсан байдаг. Эдгээр суралцагчид сургуулиа төгсөөд эх орондоо ажиллаж нийгмийн даатгалын шимтгэл дээр нэмэгдүүлэн төлөх журамтай байдаг. Гэвч улсын зардлаар сурсан 230 гаруй суралцагчид журмаа зөрчиж үүний улмаас Боловсролын зээлийн санд 10 орчим тэрбум төгрөгийн эрсдэл үүсчээ.

Түүнчлэн Боловролын зээлийн сангийн вебсайтад улсын зардлаар суралцсан бүх суралцагчдийн мэдээллийг байршуулсан. Буцалтгүй тусламжаар суралцсан нийт 150 мянга гаруй иргэний овог нэр, авсан санхүүжилтийн хэмжээ, төгссөн сургууль гэх мэт бүх мэдээлэл ил боллоо.