В.Зеленський: ОХУ-ын агаарын довтолгооны цохилт бүрд хариуг нь барих болно

Өнгөрсөн лхагва гарагт ОХУ-ын Зэвсэгт хүчин Украины Киев болон Запорожье хотууд руу агаарын цохилт өгсний улмаас энгийн номхон 8 иргэн амиа алдсан байна. Үүнтэй холбогдуулан Украины ерөнхийлөгч Володимир Зеленський “Цаашид ОХУ-ын агаарын цохилт бүрд хариуг нь барих болно” гэдгийг цохон тэмдэглэжээ.

Лхагва гарагт Киевийн Тэргүүн Володимир Зеленський “Бид эзлэн түрэмгийлэгчдийн манай хотуудад өгч байгаа агаарын цохилт бүрд хариуг нь барих болно. Үүнийг цэрэг, улс төр, хууль эрх зүйн хүрээнд хариу өгнө гэж ойлгож болно" хэмээжээ. Нийслэл Киевээс өмнө зүгт 64 км зайд орших Ржищив тосгонд дрон болон пуужингаар агаарын цохилт өгсний улмаас оюутны дотуур байр бөмбөгдөлтөд өртөж 7 хүн амиа алдсныг холбогдох албанаас мэдээлжээ. Мөн Запорожье хотод өгсөн пуужингийн цохилтын уршгаар 1 хүн амь эрсдэж, 30 гаруй хүн гэмтэж бэртжээ.

ОХУ-ын Зэвсэгт хүчин Иран улсад үйлдвэрлэсэн 30 орчим “Шахед” нисгэгчгүй онгоц буюу дроноор цохилт өгсний 20 гаруйг нь устгасан талаар Украины агаарын довтолгооноос хамгаалах хүчнээс мэдээлжээ. Түүнчлэн өнгөрсөн лхагва гарагт болсон халдлага нь ерөнхийлөгч Володимир Зеленськийн дайны халуун цэг болоод байгаа Бахмут хотод зочлох үеэр болсон юм. ОХУ-ын Зэвсэгт хүчин Бахмут хотыг хяналтдаа оруулахын тулд өргөн хүрээний хуурай газрын давшилтыг эхлүүлсэн ч тус хотыг бүрэн чөлөөлж чадаагүй байгаа юм. Түүнчлэн ОХУ-ын хөлсний гэрээт цэргийн “Вагнер” группийн тэргүүн Евгений Пригожин Кремлийн удирдлагууд сум, хангамжийн нөөцөө нэмэгдүүлэхгүй байгаа тул Бахмут хотыг чөлөөлөх, мөн Украины армийн хамгаалалтыг сэтлэхэд хүндрэл учирж байгаа талаар мэдээлжээ. Түүнчлэн Евгений Пригожин ОХУ-ын Зэвсэгт хүчин бодлогын хувьд дорвитой шийдвэр гаргаж дайны санхүүжилтээ нэмэгдүүлэхгүй бол ирэх сараас эхлэн Украины арми дахин сөрөг давшилтаа эхлүүлэх төлөвтэй байгааг Кремлийн удирдлагуудад анхааруулжээ.