БНХАУ, ОХУ-ын эрх баригчид Монголын газар нутгаар дамжуулах “Сибирийн хүч-2” хийн хоолойн төсөлтэй холбогдуулан байр сууриа илэрхийлэв

Монгол улсын газар нутгаар дамжуулах “Сибирийн хүч-2” байгалийн хийн хоолойн бүтээн байгуулалттай холбоотой асуудалд Хятад, Оросын эрх баригчид байр сууриа илэрхийлжээ. ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин хийн хоолойн бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэхэд бэлэн болсон гэж мэдээлсэн байна. Харин БНХАУ-ын дарга Ши Жиньпин Москвад хийсэн айлчлалынхаа үеэр байгалийн хийн хоолойн асуудлыг огт хөндөөгүй төдийгүй айлчлалын дараах мэдэгдэлдээ ч огт дурдаагүй байна.

Кремлийн тэргүүн Владимир Путин Евроазийг холбосон “Сибирийн хүч-2” байгалийн хийн хоолойн бүтээн байгуулалтын ажил эхлэхэд бэлэн болсон төдийгүй Монгол, Хятад, Орос гурван улсын эрх баригчид хэдийн зөвшилцөлд хүрсэн гэдгийг өнгөрөгч мягмар гарагт цохон тэмдэглэжээ. Харин БНХАУ-ын дарга Ши Жиньпин Москва хотноо хийсэн хоёр өдрийн төрийн айлчлалынхаа үеэр байгалийн хийн хоолойн бүтээн байгуулалтын ажлын талаар огт хөндөөгүй, мөн айлчлалын дараах бүрэн хэмжээний мэдэгдэлдээ уг асуудлыг дурдаагүй нь шинжээчдийн анхаарлыг татаж байна. Тэгвэл Хятадын Гадаад Хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Ван Вэньбин “Бээжингийн тал хийн хоолойн ТЭЗҮ-г эцэслэн батлахад нухацтай хандана” гэдгийг пүрэв гарагт мэдэгджээ.

Дайны нөхцөл байдал хүндэрсэн энэ үед оху-тай хамтарсан томоохон төслийг эхлүүлэх нь Хятад-Америкийн сөргөлдөөнийг улам гүнзгийрүүлнэ гэж Ши Жиньпин үзсэн байж болзошгүй. Эсвэл Ши Жиньпин Европын холбооны алдааг давтахыг хүсэхгүй байгаа гэж ажиглагчид үзэж байна. Энэ нь оху-ын байгалийн хийнээс хэт хамааралтай болохыг хүсэхгүй байгаа гэдгээ илэрхийлж хийн хоолойн бүтээн байгуулалтын ажлын талаар Ши Жиньпинийн болон Хятад улсын Гадаад Хэргийн яамны мэдэгдэлд огт дурдаагүй байна.

Үүнээс гадна Хятад улсын эрх баригчид эрчим хүчний бие даасан байдлаа хангахын тулд олон эх үүсвэрээс бүтээгдэхүүн импортлох бодлого баримталдаг. Хэрэв Монголын нутаг дэвсгэрээр дамжуулан хийн хоолой тавьсан тохиолдолд оху жилд 90 тэрбум шоо метр байгалийн хийг бнхау-д нийлүүлэх боломжтой талаараа мэдэгдээд байгаа. Харин бнхау-ын эрх баригчид Саудын Араб, Катар, Казахстан, АНУ, Нидерланд зэрэг улсуудаас байгалийн хий худалдан авах урт хугацааны гэрээг саяхан байгуулсан нь эрчим хүчний хараат бус байдлаа хадгалахыг зорьж байгаа гэдгээ Оросын талд ойлгуулсан гэж ажиглагчид үзжээ. Иймд Монгол, Хятад, Орос гурван улсыг хамарсан хийн хоолойн бүтээн байгуулалтын ажил зогсонги байдалд хүрэх төдийгүй гурвалсан гэрээг эцэслэн батлахад нилээдгүй хугацаа орох төлөвтэй байна.