АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен “В.Путин, Ши Жиньпин нарын харилцаа гүнзгийрч буй нь ашиг харсан гэрлэлт шиг байна” хэмээн мэдэгджээ

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен Хятад, Оросын харилцаа улам гүнзгийрч буйг “Ашиг хонжоо харсан гэрлэлт шиг байна” хэмээн мэдэгджээ. Өнгөрсөн лхагва гарагт Хятад улсын дарга Ши Жиньпин Москвад хийсэн айлчлалынхаа төгсгөлд Кремлийн тэргүүн Владимир Путинтэй халуун дотноор тэврэлдэж байгаа дүрс бичлэг нийтлэгдсэний дараа Энтони Блинкен энэхүү тайлбарыг хийсэн байна.

Тэрээр “Биднээс ертөнцийг үзэх тэс өөр үзэлтэй байсны үр дүнд тэдний харилцаа ашиг харсан гэрлэлт шиг болсон гэж ойлгож болно” гэж хэлжээ. Түүнчлэн Энтони Блинкен  Хятадын хувьд Орос улс бол “Жижиг түнш” нь гэж тодорхойлж болох бөгөөд Бээжингийн тал Украинд дайн эхэлснээс хойш өнөөг хүртэл Москвад зэвсэг илгээхээс татгалзсаар ирснийг нь онцолжээ.

Үүнээс гадна Нэгдсэн улсын тэргүүлэх дипломатч тэрээр “Хэдийгээр Хятад улс нь АНУ болон Өрнөдийн холбоотнуудын тогтоосон олон улсын дэг журмыг өөрийн либерал бус үзэл баримтлалаар солих гэж оролдож байгаа ч тэдний түнш гэгдэж буй ОХУ-ын хувьд дэлхий дахиныг эмх замбараагүй болгохоос өөр үзэл баримтлалгүй болсон” хэмээн мөн онцолсон байна.

Өнгөрөгч лхагва гарагт Хятадын удирдагч Ши Жинпинь В.Путинд хандан "Өдгөө дэлхий дахинд сүүлийн 100 жилийн турш тохиолдоогүй өөрчлөлтүүд гарч байна. Харин бид тэр өөрчлөлтийг чиглүүлэн залах, удирдах хүмүүс нь юм” хэмээн өгүүлсэн нь түүний ОХУ-аас явахын өмнөх дүрс бичлэгт үлджээ.