БНСУ-д ажиллаж байх үедээ иргэн амиа алдсан тохиолдолд гэр бүл нь шарил тээвэрлэх зардалд хамгийн багадаа 30 сая төгрөг зарцуулдаг

Зөвхөн 2006 онд гэхэд л БНСУ-д ажиллаж амьдардаг 32 Монгол иргэн нас барсны ихэнх нь автомашины  осолд орсон гэсэн тоо баримт байна. Өөрөөр хэлбэл, ажлын байран дээр байх явцдаа бус ажлаас гадуур байхдаа осол аваарт орж амь насаа алдсан тохиолдол олон байна. Энэ мэтээр хүний нутагт ажиллаж амьдрах үедээ гэмтэж бэртсэн, нас барсан Монгол иргэдийн гэр бүлийнхэнд хэргийг хаанахын ямар хуулиар хэрхэн шийдвэрлэх, хаашаа, хэнд, аль байгууллагад хандах, цаашлаад шарилын тээвэрлэлт гэх мэт олон асуудал, бэрхшээл үүсдэг байна.

Энэ сарын 18-нд Солонгос улсаас иргэн “Э”-гийн гэр бүлд түүнийг нас барсан гэх дуудлага ирсэн байна. Уй гашууд автсан энэ мэдээг гэр бүлийнхэн нь сонсохын хажуугаар иргэн “Э”–г ямар шалтгаанаар нас барсан, хохироосон этгээд нь ямар хариуцлага ногдох, Солонгос улсын хуулиар хэрхэн зохицуулагдах цаашлаад шарилыг хэрхэн зөөн авчрах гэх мэт олон асуудал тулгарч байгааг түүний гэр бүлийнхэн нь хэлсэн юм. Иргэн “Э” нь Солонгос улсад 6 дахь жилдээ гэрээгээр ажиллаж байсан бөгөөд энэ оны 10-р сард Монгол улсдаа буцаж ирэх төлөвлөгөөтэй байжээ. Энэ бол гадаадын улс оронд ажиллаж амьдарч байгаад хохирсон иргэдийн нэг жишээ юм.

Хөдөлмөрийн гэрээ байгуулан Солонгос улсад ажиллаж буй иргэд ажлын байран дээрээ бус өөр газарт осол аваарт орж хөдөлмөрийн чадвараа алдах цаашлаад амь насаа алдах тохиолдол их байгаа юм. Хэрэв тухайн хүн амь насаа алдсан үед Монгол руу тээвэрлэх болбол шарилын зардал нь хамгийн багадаа гэхэд л 30 сая төгрөг байдаг байна.

Хөдөлмөрийн гэрээгээр Монгол иргэд Солонгос улсад ажил хийж байх явцдаа аюулгүй байдал нь алдагдаж ямар нэгэн байдлаар бэртэж гэмтсэн эсвэл амь насаа алдсан тохиолдол олон байна. Гэтэл Солонгос улсад амьдарч буй Монгол иргэдийн эрхийг нь хамгаалах холбогдох албаны зүгээс ямар нэгэн мэдээлэл өгдөггүй мөн эрхийг нь хамгаалахад чиглэсэн асуудлыг шийдвэрлэдэггүй гэж тус улсад ажиллаж амьдарч буй Монгол улсын иргэдийн зүгээс хэлж байна.