Т.Аюурсайханыг ХНХ-ын сайдаас чөлөөлжээ

УИХ-ын гишүүн ХНХ сайд Т.Аюурсайхан өнгөрөгч 2-р сард Засгийн газрын гишүүнээс өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасан. Тэгвэл өнгөрсөн баасан гарагт түүний хүсэлтийг Монгол улсын Ерөнхий сайд үндсэн хуульд заасан эрхийнхээ хүрээнд чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулж, ХНХ-ын сайдын албан тушаалаас чөлөөлжээ.

Прокурорын байгууллагаас УИХ-ын гишүүн, ХНХ-ын сайд Т.Аюурсайханд холбогдох хэргийг үүсгэсэн. Мөн нэр бүхий УИХ-ын гишүүдийн зүгээс түүнийг нүүрсний гэх хэрэгтэй холбоотой гэж мэдэгдсэн бөгөөд үүний араас тэрбээр сайдын албан тушаалаасаа чөлөөлөгдөж хууль хяналтын байгууллагад шалгуулахад бэлэн гэдгээ хүсэлтдээ дурдаад байсан юм.

ЗГ-ын тухай хуулиар сайдыг чөлөөлснөөс хойш 14 хоногийн дотор Ерөнхий сайд шинэ сайдыг танилцуулна. Үүний дагуу Ерөнхий сайд энэ долоо хоногийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар ХНХ-ын шинэ сайдыг танилцуулна.