Чили улсад шувууны томуу хүнд халдварласан анхны тохиолдол бүртгэгджээ

Өнгөрөгч лхагва гарагт Өмнөд Америк тивийн Чили улсад шувууны томуу хүнд халдварласан анхны тохиолдол бүртгэгдсэнийг тус улсын Эрүүл мэндийн сайд мэдэгдсэн байна. Эрүүл мэндийн сайдын мэдээлснээр “Томуугийн хүнд хэлбэрийн шинж тэмдэг бүхий 53 настай эрэгтэйгээс тус халдвар илэрсэн бөгөөд одоо өвчтөний биеийн байдал тогтворжсон” байна.

Шувууны томуу бүртгэгдсэнтэй холбогдуулан чилийн тархвар судлаачид халдварын эх үүсвэр болон өвчтөнтэй шууд харьцсан хүмүүсийг тогтоож, тусгаарлах ажлыг эхлүүлсэн байна.

Мөн Чили улсад өнгөрсөн оны сүүлээс зэрлэг амьтдын дунд “H5N1” бүлгийн шувууны томуу дэгдэж эхэлснийг судлаачид онцолж байна. Түүнчлэн он гарснаас хойш шувууны фермүүдэд томуугийн халдвар олноор бүртгэгдсэнтэй холбогдуулан Чилийн эрх баригчид шувууны мах, өндөгний экспортоо тодорхойгүй хугацаагаар зогсоох шийдвэр гаргасан байна. Мөн Чилийн хөрш Аргентин улсын фермүүдэд шувууны томуугийн хэд хэдэн тохиолдол бүртгэгдсэнийг хэвлэлүүд мэдээлж байна. Харин дэлхийн хамгийн том шувууны мах экспортлогч Бразил улсад одоогийн байдлаар халдварын тохиолдол бүртгэгдээгүй байна.

Тэгвэл Чилийн Эрүүл мэндийн сайдын мэдээлснээр томуугийн вирус шувуу эсвэл далайн хөхтөн амьтдаас хүнд халдварласан байж болзошгүй ч хүнээс хүнд дамжин халдварлах боломжгүй гэжээ.