Улсын Ерөнхий Прокурорын газраас нэр бүхий гурван УИХ-ын гишүүний бүрэн эрх, Халдашгүй байдлыг түдгэлзүүлэх саналыг УИХ-ын даргад хүргүүлсэн. Тэгвэл уг прокурорын саналын дагуу өчигдөр УИХ-ын Халдашгүй байдлын дэд хороо гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэхийг хэлэлцлээ.
Нүүрсний гэх хэрэгт холбогдсон Т.Аюурсайхан, Н.Наранбаатар, Д.Бат-Эрдэнэ нарын гурван гишүүнд холбогдох хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулахад гишүүний халдашгүй байдал, бүрэн эрхийн асуудал саад болсон гэж үзэн бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг прокуророос хүргүүлсэн.
Харин УИХ-ын Н.Наранбаатарын тухайд халдашгүй байдал, бүрэн эрхээсээ түдгэлзэлгүйгээр шалгуулах хүсэлтэй байгаагаа илэрхийлж прокурорын дүгнэлттэй санал нийлэхгүй гэлээ.
Халдашгүй байдлын дэд хороо гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлаар хуралдаж дууссаны дараагаар УИХ дахь МАН-ын бүлэг хуралдан улс төрийн шийдвэр гаргах бөгөөд УИХ-ын Чуулганы нэгдсэн хуралдаанаар эцэслэн шийдвэрлэнэ.
УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэнийг АН-ын бүлэг авч үлдэхээ өнгөрөгч даваа гарагт болсон бүлгийн хуралдаанаараа илэрхийлж байсан бол МАН-ын бүлгээс халдашгүй байдлын дэд хорооны хурлын дүгнэлтийг үндэслэн шийдвэр гаргахаа мэдэгдээд байгаа юм.
УИХ-ын Халдашгүй байдлын дэд хороо УИХ-ын гурван гишүүний халдашгүй байдал, бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлын дагуу хуралдаж өчигдөр 18 цаг орчимд шийдвэрээ гаргасан байна. Халдашгүй байдлын дэд хорооны гишүүдийн зүгээс прокурорын саналыг 100 хувь дэмжиж, гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүллээ.
Хууль хяналтын байгууллага мөрдөн шалгах ажлыг явуулан гэм буруутай гэж үзвэл шүүхэд шилжүүлнэ, харин гэм буруугүй гэж үзвэл УИХ-ын гишүүний бүрэн эрхийг эргүүлэн сэргээх гэж халдашгүй байдлын дэд хорооны дарга мэдээллээ.