Чингэлтэй дүүргийн 4-р хороонд байрлах ерөнхий боловсролын 5-р сургуулийн өргөтгөлийн барилгын ажлын явц 3 дахь жилдээ үргэлжилж байна. Үүний улмаас тус сургуулийн гурав болон дөрөвдүгээр ангийн сурагчид Хөдөлмөр нийгмийн хамгааллын дээд сургуулийн хичээлийн байранд хичээллэж байна. Уг сургуулийн байр нь бага насны хүүхдүүд хичээллэхэд тохиромжгүй наад захын ариун цэврийн шаардлага хангахгүй байгаа гэдгийг эцэг эх болон сурагчдын төлөөлөл хэлж байна.
Тус сургууль нийт 3300 гаруй сурагчтай бөгөөд өргөтгөлийн барилга ашиглалтад ороогүйн улмаас 3, 4-р ангийн 400 гаруй хүүхэд Хөдөлмөрийн дээд сургуулийн түрээсийн байранд хичээллэж байгаа юм. Энэхүү сургууль нь бага насны хүүхэд хичээллэхэд зориулагдсан стандартын шаардлагыг хангаж чадахгүй байгааг эцэг эхчүүд болон багш нар хэлж байсан юм. Тухайлбал анги танхимын тохижилт муу ариун цэврийн өрөө хүртээмжтэй бус, бохир үнэртдэг зэрэг олон хүндрэлтэй асуудлууд сурагчдад тулгарч байна.
5-р сургуулийн өргөтгөлийн барилга нь өнөөдрийн байдлаар 98 орчим хувийн гүйцэтгэлтэй байгаа бөгөөд төсөв мөнгөнөөс шалтгаалж бүрэн ашиглалтад орж чадалгүй барилгын ажил зогсжээ. Өргөтгөлийн ажлыг хийж дуусгахад одоогоор 2,9 тэрбум төгрөг шаардлагатай байгаа юм. Мөн удаан хугацаанд барилгын ажил зогссон шалтгааныг гүйцэтгэгч компанийн төлөөллөөс тодрууллаа.
Барилгын ажил гүйцэтгэгч байгууллагын хувьд төрийн албаны хүнд суртлаас үүдэн энэ ажил удааширсан гэж үзэж байгаа юм. Тэгвэл салбар яамнаас нийслэлийн хэмжээнд 3 ээлжээр хичээллэх эрсдэлтэй дөчин сургуулийг хичээлийн шинэ жил эхлэхээс өмнө цэгцэлнэ гэдгийг мэдэгдсэн юм.
Хүүхэд аюулгүй орчинд сурч хүмүүжиж, амьдрах эрхтэй гэж үндсэн хуульд заасан байдаг ч уг хууль нь бодит байдал дээр хэрэгжихгүй байгаа хүүхдийн эрх хэрхэн зөрчигдөж байгааг дээрх жишээнээс харж болно гэдгийг эцэг эхчүүдийн төлөөлөл хэлж байсан юм.