Өнгөрсөн долоо хоногт АНУ-ын Пентагоны мэдлийн гэгдэж байгаа нууцын зэрэглэл бүхий олон арван баримт бичиг цахим сүлжээнд нийтлэгдсэн. Тэгвэл Өрнөдийн улс орнуудын тусгай хүчний алба хаагчид Украинд үүрэг гүйцэтгэж байгаа талаар тэдгээр баримт бичгүүдэд дурдсан байна.
АНУ, Их Британи тэргүүтэй Өрнөдийн зургаан улсын тусгай хүчний бэлтгэгдсэн алба хаагчид Украины нутаг дэвсгэрт байлдааны үйл ажиллагаанд нууцаар оролцож байгаа тухай тэдгээр баримт бичигт онцолжээ. Энэ нь ОХУ-ын эрх баригчдын удаа дараа мэдэгдэж байсантай нийцэж байгааг хэвлэлүүд мэдээлж байна. Хэрэв нууц баримтад өгүүлсэн нь үнэн гэж үзвэл АНУ-ын 30, Их Британийн 50, НАТО-ын гишүүн Франц, Латви, Нидерланд зэрэг улсын 20 орчим тусгай хүчний алба хаагчид Украинд үүрэг гүйцэтгэж байгаа юм байна.
Түүнчлэн "Маш нууц" гэсэн тодотголтой өөр нэг баримт бичигт Орос, Украины армийн алба хаагчдын газарзүйн байрлал, довтолгооны тактик, зэр зэвсгийн нөөц болоод хүнсний талаар нарийн мэдээллүүдийг багтаасан байна.
АНУ-ын Засгийн газар эдгээр нууц баримтуудыг задруулсан эх сурвалжийг одоог хүртэл шалгаж байгаа талаараа мэдээлж байна. Уг асуудалтай холбогдуулан Өрнөдийн улсуудын эрх баригчид ямар нэгэн албан ёсны тайлбар мэдээлэл хийгээгүй ч мягмар гарагт НАТО-ын твиттер хуудаст нууц мэдээлэл алдагдсан нь "Ноцтой алдаа" гэж тодорхойлжээ.