АНУ-д айлын хаалга андуурч хонх дарсан өнгөт арьст хүүг гэрийн эзэн буудсан хэрэг бүртгэгджээ

АНУ-ын Миссури мужийн нэгэн байшингийн эзэн хаалганы хонх андуурч дарсан 16 настай өнгөт арьст хүүг буудаж хүндээр шархдуулсан хэрэг бүртгэгдсэнийг хуулийн байгууллагаас даваа гарагт мэдэгджээ. Үүнтэй холбогдуулан Миссури мужийн цагдаагийн албанаас хэрэг нээн 84 настай Эндрю Лестерийг сэжигтнээр татан баривчилжээ.

84 настай Эндрю Лестерийг нэгдүгээр зэргийн халдлага болон зэвсэгт гэмт хэрэг үйлдсэн хэрэгт буруутгаж байгаа талаар мөрдөн байцаагчид мэдэгджээ. Цагаан арьст Эндрю Лестер өнгөрсөн долоо хоногийн пүрэв гарагт 16 настай өнгөт арьст Ральф Ярл хүүгийн толгой болон гар руу тус тус нэг удаа буудсан гэж хуулийн байгууллагаас мэдээлжээ. Азаар хүү амьд үлдсэн ч биеийн байдал хүнд байгаа талаар эрүүл мэндийн байгууллагаас мэдээлж байна. Даваа гарагт мужийн прокурор Захари Томпсон "Чи хаанаас ирсэн, ямар харагдах, хэр их мөнгөтэй байх нь хамаагүй. Хуулийг дагаж мөрдөх ёстой.” гэдгийг онцолжээ.

Хохирогч Ральф Ярл өнгөрсөн долоо хоногийн пүрэв гарагт ихэр дүү нараа найзынх нь гэрээс очиж авахаар зорчих үедээ гудамж андууран өөр айлын хаалга тогшсон байна. Удалгүй гэрийн эзэн түүний хэн болохыг асуусныхаа дараа хаалга андуурсныг мэдсэн ч буудсан талаар хохирогчийн асран хамгаалагч хэвлэлд ярьжээ. Мөн гэрийн эзэн хяналтын камерын тусламжтайгаар хаалганы гадна зогсож буй хүүгийн гадаад төрхийг таньж мэдсэн гэж гэрчүүд мэдээлжээ.

Харин цагдаагийн байгууллагаас өнгөрсөн долоо хоногийн ням гарагт хэргийг үйлдсэн этгээдийн нас, биеийн байдлыг харгалзан үзэж гэрээр байцаалт авах шийдвэр гаргасан буюу сулласан нь иргэдийн дургүйцлийг төрүүлж, хэвлэл мэдээллийн байгууллагуудын анхаарлыг татсан байна.

Улмаар өнгөрөгч даваа гарагт сэжигтнийг дахин баривчилж, шүүх хурал болох хүртэл албан ёсоор саатуулахаар болсноо цагдаагийн байгууллагаас мэдээлжээ.