Нийслэлийн хэмжээнд 1223 км ус, дулаан дамжуулах шугам сүлжээ байдгаас 379.5 км нь дулаан дамжуулах шугам байна. Тэгвэл эдгээрийн 60 гаруй хувь нь 30-40 жил ашиглагдсан буюу хугацаа нь дуусаж шинэчлэх шаардлагатай болжээ. Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотын инженерийн шугам сүлжээ хүндхэн нөхцөл байдалтай байна.
Энэ сарын 12-нд Энхтайваны гүүрэн доорх дулааны шугам задарч гэмтэл гарсан. Тус гэмтлийг тухайн шөнөдөө засаж, хэвийн болгосон байна. Дулааны шугам нь 2002 онд ашиглалтад орсон, 300 диаметртэй бөгөөд элэгдлийн улмаас гэмтэл гарсан нь тогтоогджээ. Тиймээс 2024 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах хүрээнд инженерийн шугам сүлжээний тохижилтын ажлыг хийхээр төлөвлөжээ.
Мөн цаашид 30-40 жил болсон дулааны шугам сүлжээтэй байршлууд буюу Бага тойруу, МУБИС-аас СУИС-ийн урдуур цэцэг төв хүртэл, Жамьян гүний гудамж буюу төв номын сан гэх зэрэг байршлуудад 30 км гаруй замыг иж бүрэн шинэчлэхээр болсон байна. Жил бүр дулаан дамжуулах хоолойд засвар хийдэг нь анх тавихдаа тухайн шугам сүлжээг хонгилын системээр хийгээгүйтэй холбоотой гэдгийг холбогдох албаныхан хэлж байна.